Х.Уранчимэг: Эрчимт эмчилгээ шаардлагтай нярайг багаараа эмчлээд гаргах, аав ээжийнх нь талархлын үгийг сонсох л “ХАМГИЙН САЙХАН МӨЧ”

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл бид энэ удаад тус өдрийг угтан Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II-ын Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Х.Уранчимэгтэй ажил мэргэжлийнх нь талаар ярилцлаа. 

-Та хэд дэх жилдээ сувилагчийн мэргэжлээр ажиллаж байна вэ? 

Миний хувьд эрчимт эмчилгээний нярайн сувилагчийн мэргэжлээр тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Анх ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ сувилагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хүүхэд, нярайн чиглэлээр суралцах нь миний хийх ёстой ажил юм байна гэж бодсон учраас 2000 онд хуучнаар Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын Нярайн курст суралцаж, дадлагаа хийгээд улмаар тус эмнэлэгтээ 2021 оныг хүртэл ажилласан. Харин 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл ЭНЭҮТ-II нярайн эрчимт эмчилгээний тасагтаа ажиллаж байна.

- Нярайн эрчимт эмчилгээний сувилагчийн ажил бусад чиглэлээр ажилладаг сувилагч нараас юугаараа онцгой, ялгаатай вэ?

Ялгаатай зүйл их шүү дээ. Манай тасгийн сувилагч нар дөнгөж төрсөн болон дутуу төрсөн, бага жинтэй эмчилгээ шаардлагатай нярайд багаараа цаг алдалгүй, оновчтой эмнэлгийн тусламж эмчилгээг үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл яаралтай эмчилгээ шаардлагатай төрсөн хүүхдүүд л эрчимт эмчилгээний тасагт ирдэг. Тийм учраас бидний багаар үзүүлж буй тусламж үйлчилгээ болон миний ажил бусад чиглэлээр ажилладаг сувилагч нараас онцлогтой гэж хэлж болно. 

Миний хувьд өнөөдрийн хүртэл ажиллах хугацаанд давхардсан тоогоор 20,000 гаруй нярайд багаараа хамтран тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Нярайн эрчим эмчилгээний тусламж үйлчилгээг би ганцаараа үзүүлнэ гэхээс илүү бид багаараа хурдан шуурхай ажиллах нь чухал юм.

Arslan.mn

-Мэргэжлээрээ хамгийн их бахархах мөч... 

Сувилагч мэргэжил эзэмшсэн бидний хувьд мэргэжлээрээ бахархах маш олон мөч тохиолддог. Ямар ч хүнд хүүхдийг, ямар ч үед ирсэн ч багаараа эмчлээд гаргах, аав ээжийнх нь талархлын үгийг сонсох л хамгийн сайхан мөч.  Гэхдээ бүх хүн тэгж хэлдэггүй ч гэсэн хэлдэг ээж, аавууд ч цөөнгүй байдагт баярладаг. Ийм үг сонссон бид өмнөх бэрхшээл, хүндрэл бүхний мартдаг даа.

-Сувилагч хүн ямар зан чанартай байх ёстой вэ? 

Хүн ямар ч мэргэжил сонгож, хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү энэхүү мэргэжилдээ үнэнч байх, өөрөө шинэ сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Ямар ч мэргэжил эзэмшсэн ч хамгийн чухал зүйл сэтгэл гаргаж ажиллах л юм даа.

Харин сувилагч хүн чинь өвчтөнөө сувилан, асарч, тэдний сэтгэл санааг нь үргэлж дэмжин ажилладаг.  Дээр хэлсэнчлэн нярайн сувилагчийн ажил өөрөө онцлогтой. Хүн чинь хүүхдээ өвдөхөөр өөрөө өвдсөнөөс илүү бухимдаж, шаналж, хямардаг. Тэр хэрээр  нярай, хүүхдийн сувилагч нарт илүү бэрхшээлтэй тулгардаг. Зарим нь орж ирэхээсээ л үг хэл, биеийн хэлэмжээрээ сувилагчийг дарамтад оруулах нь бий. Бид хүүхдийн тариаг ганц хатгаад л хийхийг хичээнэ. Гэхдээ хүүхэд бүрийн биеийн байдал өөр учраас нэг хатгаад судсыг нь олохгүй байх тохиолдол гарна. Хоёр хатгаад олохгүй байх ч бий. Тэр үед аль аль талдаа ойлголцох, тайван байдал чухал. 

Ер нь сувилахуйн тусламж үйлчилгээ бол цогц байх ёстой. Эмчилгээ хийж байгаа ч тухайн хүүхэд хориглосон хоол хүнс хэрэглэх, хэт бариу, нийлэг материалтай гэх мэт тохиромжгүй хувцас өмсөх зэргээр дэглэмээ сахихгүй л бол үр дүн муу гарна. Энэ үед сувилагч л үйлчлүүлэгчтэйгээ харьцаж, зөвлөгөөг өгч, хамгийн ойр байдаг. 

Үүнээс гадна хэдий сайн сувилагч байлаа ч өөртөө хэзээ ч эрдэж, бардаж болохгүй. Хүн эрдэж, бардсан үедээ том алдаа гаргах тохиолдол бий. Тэгэхээр бидний хувьд хүний амь насыг хариуцаж байгаа хүмүүс учраас хамгийн хянамгай байж, энгийн даруухан, ажлаа маш сайн хариуцлагатай хийх ёстой. Залуу сувилагч нартаа хандаж “Өдөр тутамдаа алдаа гаргахаас сэргийлээрэй” л гэж захидаг даа. 

Arslan.mn

-Тасгийнхаа талаар танилцуулахгүй юу.

Анх манай Нярайн эрчимт эмчилгээний хэсэг 2021 оны 10 дугаар сарын 1-нд нярайн нэг эмч ,  арга зүйч, хоёр сувилагч, туслах сувилагч гээд нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан бол өнөөдөр бид тасаг болтол өргөжин 14 хүний бүрэлдэхүүнтэй нярайн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нярайн таван эмч, арга зүйч, сувилагч, туслах сувилагч зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр хангагдаж чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Бид багаараа 2 жилийн хугацаанд нийт 1,900 гаруй нярайд тусламж үйлчилгээ үзүүлж, 100 гаруй нярайд цаг алдалгүй эрчимт эмчилгээг үзүүлсэн.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний ажил өглөө 7.40 минутад эхэлдэг. Хамгийн эхэнд гараа угааж  тасагт орохоос миний ажил эхэлдэг гэж хэлж болно. Урд шөнө хэдэн эх төрсөн, үүнээс хэдэн нярай эрчим эмчилгээний тасагт ирсэн талаар жижүүрийн сувилагчаас мэдээллийг авна. Тасаг хэвтэж байгаа ээжүүдийн хяналтад орсон байдал, биеийн байдлыг асууна. Тасагт шаардлагатай эм тариаг цохуулна. Эрчим эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хэвийн байдлыг шалгаж өглөөний ажил маань үргэлжилдэг дээ.

Мөн тасгийн ариутгал, халдвар хамгаалал, тусламж үйлчилгээ болон тасгийн бэлэн байдлыг хангах миний ажлын хамгийн чухал хэсэг. Учир нь эрчим эмчилгээний хэсэг маань ямар ч үед, ямар ч цагт бэлэн байдлаа хангасан байх ёстой.

-Танай эмнэлгийн сувилахуйн албанаас сувилагч нараа чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ? 

Манай байгууллагын удирдлагуудын зүгээс болон Сувилахуйн албанаас биднийг маш их дэмжиж, мэргэжил арга зүйгээ дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Өнөөдөр дэлхий нийтээр сувилагч нарын хомсдолтой байна шүү дээ. Тийм ч учраас биднийг аль болох дэмжиж, хамтран ажиллах тал дээр анхаарч ажилладаг.

-Сувилагчийн мэргэжил сонгох уу гээд эргэлзчихсэн байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? 

Залуу сувилагч нар маань өөртөө итгээд, ажлаа дурлаж хийвэл сувилагч мэргэжил шиг сайхан мэргэжил хаана ч байхгүй. Тийм учраас ажилдаа хайртай, мэргэжилдээ эзэн нь байгаарай гэж захимаар байна. Энэ ташрамд биднийг дэмжиж ажилладаг эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Мөн эмнэлгийнхээ Сувилахуйн албаны нийт сувилагч болон монголын нийт сувилагч нартаа “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе. 

Ярилцсанд баярлалаа. 
Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646960
19 эможи

Х.Уранчимэг
2023-05-11 16:40
Сувилагч бидний 1өдрийн ажлын ойлгож, үнэ цэнэтэй сурвалжлага бэлдэж гаргасан танай хамт олонд баярлалаа, миний энэ нийтлэлийг олон олон залуу боловсон хүчин, оюутан сурагчид уншиж, энэ мэргэжилд дурлаж, мэргэжилээ сонгоход жаахан ч гэсэн нэмэр болоосой, ирээдүйд энэ мэргэжил битгий хомсдолд ороосой гэж хүсье дээ дахин баярлалаа, ажлын амжилт хүсье, сэтгэл ханамж -1000%
ЭНЭҮТ-II
ЭНЭҮТ
keyboard_arrow_up