“Улаануудын халдвартай ээжээс төрсөн хүүхэд төрөлхийн сонсгол, хараа, зүрхний өөрчлөлттэй төрөх магадлалтай“
ЭМЯ-ны удирдлаган дор ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран Монгол Улс бодлогын хүрээнд улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосноо баталгаажуулах, улаануудыг хяналтанд авах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад төрөлхийн улаануудын хам шинж хэрхэн ямар түвшинд байгаа үнэлгээг хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү үнэлгээг хийхийн тулд судалгааны багийг сургалтанд хамруулах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Төрөлхийн улаануудын хам шинжийн дарамтын үнэлгээний сургалт”-ыг зохион байгуулж байна.
Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “Томоохон цар тахлын дараа дараагийн халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс бид дараагийн болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын нөлөөгөөр улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/УГУ/ вакцины дархлаажуулалтын дэлхий даяар буурсан бөгөөд Монгол Улсын хувьд 0,08 хувиар буурсан.
Монгол Улс нь улаанбурхан өвчнийг таслан зогсоосон улс орны нэг. Бид энэхүү өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийх бэлтгэл ажлыг хийж байна.
Хэдий тийм ч ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө УГУ-ын вакциныг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд вакцин нэвтэрснээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө вакцинд хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, түүнээсээ болоод төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх нь бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм. Энэ ташрамд бидний ажлыг дэмжиж ажилладаг ДЭМБ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээлээ.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте энэ үеэр “Миний бие 01 дүгээр сард Монгол Улсад ирснээс хойш та бүхний бүхий л хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах, улаанбурхан өвчнийг устгасан статусаа хадгалж үлдэхийн төлөө хичээж ажиллаж байгааг харж байна. Энэхүү сургалтаар дамжуулан бид төрөлхийн улаануудын дарамтыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм” гэдгийг онцолж байлаа.
Сургалтанд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт буюу ялангуяа улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан мэргэжилтэн, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төвийн улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан ахлах мэргэжилтнүүд ирж судалгааг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг өгч ажиллаж байна.