Б.Батцэрмаа: Манай эмнэлэг эх, нярайг хурдан тэнхрүүлэх үүднээс аавуудтай хамт нэг өрөөнд байх боломжийг бүрдүүлсэн
ЭНЭҮТ-II эх баригч, Төрсний дараах тасгийн арга зүйч Б.Батцэрмаатай ярилцлаа. Түүний хувьд эх баригчийн мэргэжлийг эзэмшээд 17 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ажлын гараагаа Төв аймгийн Өндөрширээ сумын эмнэлэгт нэг жил эх баригчаар ажиллаж, үргэлжлүүлээд ЭХЭМҮТ-ийн Төрөх тасагт 15 жил эх баригч мэргэжлээрээ ажиллажээ. Ингээд 2021 оны 09 дүгээр сараас ЭНЭҮТ-II-д төрөх өрөөний эх баригчаар ажиллаж байгаад энэ оны 01 дүгээр сараас эхлэн төрсний дараах тасгийн арга зүйчээр ажиллаж байна.
-Юуны түрүүнд танд өнөөдөр тохиож буй “Олон улсын эх баригч нарын өдөр”-ийн мэндийг хүргэе. Та эх баригч хэмээх мэргэжлийг яагаад сонгосон бэ? Та бүхний ажиллах зарчим...
Би хүүхэд байхаасаа л эх баригч болно гэж мөрөөдөж, дурлаж явсан. Аав, ээж хоёрын зүгээс эх баригч болно гэхэд “Хоёр хүний алтан амийг хариуцдаг хэцүү ажил, миний охин чадах байх. Тэгэхдээ дэмий юм бишүү. Эм зүйч болох юм уу” гээд ямар нэгэн байдлаар өөр хүн болооч гэж зөвлөхөд нь би зөрсөөр байгаад шалгалтаа өгч тэнцээд энэ мэргэжлийг эзэмшиж байсан.
Айл гэрт аз жаргал бэлэглэгч бяцхан үрийг төрүүлээд, ээж нь эсэн мэнд амаржаад аз жаргалтайгаар хүүхдээ хараад нулимс нь цийлгэнээд “Баярлалаа танд” гээд хэлэх тэр мэдрэмж л хамгийн их аз жаргалыг авчирдаг болохоор энэ мэргэжлээрээ би үргэлж бахархаж, өдөр болгон л энэ мэргэжлийн эзэн нь болж яваадаа баяртай байдаг.
"Эх баригч мэргэжлээр 17 жил ажиллахдаа нийт 11,570 хүүхдийг эх барьж авсан"
-Хамгийн анхны эх барьж авсан үеэ дурсвал. Тэр цагаас хойш нийт хичнээн хүүхэд эх барьж авсан бэ?
Дөнгөж сургуулиа төгсөөд Төв аймгийн Өндөрширээ суманд эх баригч хийж байхдаа аавынхаа талын хамаатны дүүгээ төрүүлж байсан. Хүүхэд нь яах ийхийн зуургүй л төрчихсөн. Юу болоод байгааг ч тухайн үедээ ойлгох сөхөөгүй, ямар ч байсан эх, нярай хоёрыг эсэн мэнд уулзуулж байлаа. Хамгийн анх эх барьж авсан хүүхэд маань одоо 16 настай том залуу болсон.
Миний хувьд эх баригч болсон цагаасаа хойш эх барьж авсан бүх хүүхдүүдээ цаг, минут, секундтэй нь бүртгээд хувьдаа хадгалдаг. Өнөөдрийн байдлаар 11570 хүүхдийг эх барьж авсан байна.
Хамгийн анх “Эх баригч” мэргэжлийг эзэмшээд хэдэн хүүхэд эх барих бол гэдэг сониуч зангаасаа болж бүртгэлээ эхлүүлсэн.
-Мэргэжлийн тань хамгийн том давуу талыг та юу гэж боддог вэ?
Эмч, сувилагч нараа бодвол эх баригч нь тухайн ээжтэй маш дотно харьцаа үүсгэж, өвдөлт, шаналгааг ойлгох, ургийн биеийн байдлыг мөн мэдэж, мэдээлж, эмчдээ зөвлөх, гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх тал дээр хамтарч ажилладгаараа л давуу талтай.
Миний гарт хоёрын хоёр хүний амь нас байна. Буруу хөдөлж огт хийж болохгүй. Тиймээс эх баригч нар маш сайн ажигч байж, ээжийг сонсох, биеийн байдлыг тогтмол хянах шаардлагатай. Их орилоод, уйлаад байгаа ээж нэг асуудалтай, бүр дуу нь гарахгүй байгаа ээж бас нэг асуудалтай. Тийм учраас тандалтаа маш сайн хийх хэрэгтэй байдаг.
-Төрсний дараах тасагт хүүхдээ тэвэрсэн ээжүүдийг л олж хардгаас аавууд явж байхыг тэр бүр харахгүй шүү дээ. Тэгэхээр танай тасгаас ийм зохицуулалт хийж ажилладаг гэсэн үг үү.
Манай тасаг нийт 68 ортой. Таван эх баригчтай. Эмнэлэгтээ төрсөн эхчүүд болон нярайгаа тасагтаа авч, өөрөөрөө төрсөн эхчүүдийг 24 цаг, мэс заслын аргаар төрсөн ээжүүдээ 72 цаг хянаад биеийн байдал тогтвортой бол зөвлөгөө өгч, эмнэлгээс гаргадаг.
Бид эх, нярайд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд төрөх тасагт ар гэрийнхэнтэйгээ орж төрсөн ээжүүдийг төрсний дараах тасагтаа мөн гэр бүлийнх нь хамт тусгай өрөөнд хэвтүүлж байгаад гаргадаг.
Ээжүүд төрөлтийн өвдөлтийг ар гэрийнхэнтэйгээ хамт байж туулах нь сэтгэл санааг дэмжихээс гадна өвдөлтийн хувьд ч бага байдаг гэж ярьдаг.
-Төрсний дараа эх, үр хоёр ямар гам барих вэ? Юун дээр анхаарах ёстой вэ?
Бидний зүгээс ээж оёдолтой төрсөн бол энэ талын зөвлөгөөг маш сайн өгдөг. Харин нярайд шарлалт үүсэх, хөхөөрөө дарахаас сэргийлж орой болгон ээжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн нярайд ямар нэгэн шинж тэмдэг илрэх төдийд эмч болон эх баригч нартаа цаг алдалгүй хэлээрэй гэж байнга сануулж явдаг. Нэг тасаг хариуцаж байгаа арга зүйчийн хувьд орой болгон тасаг нэгжээ шалгаж, дээрх зөвлөгөөг цаг ямагт сануулж л явдаг даа.
-Эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
Юуны түрүүнд ээж жирэмсэн болохдоо төлөвлөж, өөрийгөө бэлдэж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах ёстой. Эх эрүүл байвал эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Стресстэй ээжээс стресстэй л хүүхэд гарна. Ээж хэдий тайван байна тухайн хүүхэд ээжийн араншинг дуурайдаг л гэдэг дээ. Тиймээс ээж тайван байх нь л хамгийн чухал.
-Төрөх гээд ирсэн ээжүүд өвдөлтөөсөө болоод янз бүрийн л ааш, авир гаргадаг байх. Тэр үед нь хэрхэн зохицуулж ажиллаж байна.
Тэр үнэн. Бид тухайн ээжийн аашинд тааруулж, ая данг нь олж л ажиллана. Тэгэхдээ л бид чинь тухайн ээжийг эсэн мэнд төрүүлж, эх, нярай хоёрыг л уулзуулах ёстой шүү дээ. Энэ дагуу л ажлаа л хийгээд өөр ч зүйл боддоггүй дээ.
-24 цагийн хугацаанд дунджаар хичнээн ээж төрдөг вэ?
Манай эмнэлэг нь харьяалал харгалзахгүй болсноос хойш манай эмнэлэгт ирж төрөх нь нэмэгдсэн. Хоногт 25-30 ээж амаржиж байна.
-Зарим хүмүүс “Манай энэ эх барьж авсан ээжтэйгээ адилхан зантай, адилхан” гээд ярих нь бий. Энэ хэр үнэний ортой вэ?
Ойр дотны, хамаатан садны хүмүүс над дээр ирж төрсний дараа тийм зүйл ярих тохиолдол гарч л байсан. Манай хүүхэд их ааштай эх баригчаа л дуурайсан байх, манай хүүхэд их зөөлөн намуухан эх баригчаа л дуурайсан байна гээд ярих нь бий. Тэгэхдээ л аав ээжийн үүсгэл юм чинь аав ээжийгээ л дуурайна шүү дээ.
-Сүүлийн үед ээжүүд кесовр мэс засал их хийлгэх болсон. Энэ мэс засал нь сөрөг нөлөөтэй юэ?
Сүүлийн жилүүдэд ээжүүд маань ямар нэгэн дагалдах эмгэгтэй байх тохиолдол их байна. Түүнээсээ шалтгаалж кесовр мэс засалд орох тохиолдол нэмэгдэж байна. Тэгэхдээ манай эмнэлгийн зүгээс аль болох өөрөөр нь төрүүлэхийг эрмэлздэг. Зайлшгүй тохиолдол буюу зүрх, бөөрний өвчтэй ээжүүд болон ямар нэгэн байдлаар ураг эндэхийг завдаж байгаа үед мэс засалд оруулдаг.
-Залуу эх баригч нарыг сургах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Бид залуу эх баригч нараа сургах тал дээр маш их анхаарч ажиллаж байна. ЭХЭМҮТ-д миний найман шавь энэ мэргэжлээр ажиллаж байна.
Миний хувьд JAICA төслийн хүрээнд “Эх баригчийн төгсөлтийн дараах сургалт буюу эх баригчийн удирдамж боловсруулах хөтөлбөр”-т хамрагдаж, нийт монголын эх баригч нарын ажиллах удирдамжийг боловсруулах хөтөлбөрт Япон улсын Нагаяо хотод очиж хамрагдсан. Манай Эх барихын нийгэмлэг нь хувь хүн, эх баригч нараа боловсруулах тал дээр маш их дэмжиж ажилладаг.
-Өнөөдөр тохиож буй “Эх баригч нарын өдөр”-ийг тохиолдуулан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлээч.
Бидэнтэй нэг баг болж, нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо, нийт эх баригч нартаа, хамт ажиллаж байсан Төв аймгийн Өндөрширээ сумын эх баригч нар, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II-ын нийт эх баригч нартаа “Олон улсын эх баригч нарын баяр”-ын мэндийг хүргэе.
Ажил мэргэжилдээ дуртай тулдаа л өнөөдрийн “би” бий болсон. Цаг наргүй, ачаалал ихтэй энэ ажлыг минь ойлгож, үргэлж тусалж дэмждэг ханьдаа, аав, ээждээ, гурван хүүдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.