Хоёрдугаар эмнэлгийн эмч, сувилагчид “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд нэгдэж, сайн дураараа цусаа хандивлалаа
Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ)-ээс сувилагч нарынхаа мэргэжил, чадварыг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Тэгвэл тус эмнэлгийн Сувилахуйн албанаас “Бидний сувилагч, Бидний ирээдүй” уриан дор өнөөдөр “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аяныг уриалан нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
ЦССҮТ-тэй хамтран зохион байгуулж буй “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд сувилагч нар манлайлан оролцож, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна жирийн иргэд ч мөн цусаа бэлэглэх уриалгад нэгдэж, сайн дураараа цусаа бэлэглэж байна.
Энэ үеэр УХТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Нацагсүрэн “УХТЭ-ээс “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан гурван чиглэлээр нийт 12 ажлыг төлөвлөн ажиллаж байна. Үүний хамгийн эхний ажил болох “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аян өнөөдөр болж байна. Өнөөдрийн цусаа бэлэглэе сайн дурын арга хэмжээнд эмнэлгийн эмч ажилчдаас гадна эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд идэвхтэй оролцож, сайн дураараа цусаа бэлэглэж байгаад баяртай байна. Энэ үеэр цусны бүлэг тодорхойлж, таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн сайн үйлсийн ажлыг дэмжин хамтран ажиллаж, байгаа ЦССҮТ-ийн Сувилахуйн алба болон хамт олонд талархал илэрхийлье.
Үүнээс гадна “Сувилагчийг хүүхдийн нүдээр хэрхэн харах вэ” сэдэвт эмнэлгийн ажилчдын хүүхдүүдийн дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдааныг насны ангиллаар явуулж байна. Удахгүй бүтээлүүдийг шалгаруулах үзэсгэлэн гаргана.” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр УХТЭ-ээс хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн доноруудыг алдаршууллаа. Үүнд:
- 20 удаа цусаа өгсөн донороор Э.Энхболд
- 10 удаа цусаа бэлэглэсэн донороор Ө.Энхбаяр, А.Алехан нарыг онцлон алдаршуулав.
Ташрамд дурдахад таны нэг удаа өгсөн цус гурван хүний амь насыг аврах шидтэй.