ХӨСҮТ: “Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ“-ний чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна
“Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Манай улсад Коронавирүст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлаас хамаарч дэгдэлтийн жилүүдэд товлолын дахлаажуулалтын хамралт тодорхой хувиар буурсан байна. Энэ нь цаашид олон улсад дэгдэж байгаа зарим тарилгатай халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхэд дархлаагүй хүн амын тоо нэмэгдсэн нь тухайн өвчлөлийн дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймд ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ хамтран “Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, халдвар судлаач, нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, хүүхдийн эмч, төрөлжсөн эмнэлэг, нийслэлийн хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдийн төлөөлөл нийт 240 хүн хамрагдаж байна.
Уг сургалтанд хамрагдсанаар дархлаажуулалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт, эмчилгээ, оношлогооны менежментийн чиглэлээр мэдээлэл авч, улаанбурханы дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээ авах чадавхитай болох юм.