С.Энхболд: Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийг сайд хуваарилах биш мэргэжлийн баг шалгаруулдаг
Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтыг олон нийт ихээхэн сонирхож байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой аудитын дүгнэлт гарсан. Тус сангийн зарцуулалтын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдтой ярилцлаа.
-Таныг сайдаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтыг олон газарт, шалгуургүй өгсөн гэх шүүмжлэл гарлаа. Ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн долоо хоногт Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт олгодог төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээлэл нэлээн гарлаа. Санаатай, эсвэл санаандгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Ингэж хэлж буй нь аудитын дүгнэлт Эрүүл мэндийн яаманд ирээгүй хэрнээ хэвлэлээр гарчихлаа. Нөгөө талдаа аудитын дүгнэлт үнэн зөв гараагүй гэдгийг хэлмээр байна. Ер нь Засгийн газрын тусгай сангуудын талаар буруу ташаа ойлголт нийгэмд төрчих шиг боллоо. Гэтэл үүргээ гүйцэтгээд, зөв шугамаар явж буй сан олон байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжих сан бол хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Зориулалтын дагуу ажиллаж буй сан. Тэр дундаа иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг тодотгон хэлмээр байна.
-Аудитын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа гэж та хэллээ. Яг ямар зөрчил байсан юм вэ?
-Юуны өмнө Эрүүл мэндийн дэмжих сангийн талаар товчхон ойлголт өгөхгүй бол ташаа мэдээлэл яваад байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нийт 25 сангийн үйл ажиллагаа зохицуулагдаж байгаагийн нэг нь Эрүүл мэндийг дэмжих сан. Энэ сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зориулалтаар анх 2006 онд байгуулагдсан. Улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувь зэргээс төсөв нь бүрддэг. Тус сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмыг удирдлага болгодог.
-Тэгэхээр хууль болон Засгийн газрын хуралдаанаар батлагдсан тогтоолоор зохицуулагдсан сан юм байна. Дээрх зориулалтаар нь сангийн хөрөнгийг зарцуулаагүй гэх шүүмжлэл явах шиг боллоо. Хөрөнгийг яг юунд зарцуулсан юм бэ?
-Би сая хэллээ шүү дээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-д заасны дагуу ЭМДС-ийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Тодруулбал, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи тамхи мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэхэд чиглэнэ. Мөн эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд зарцуулахаар зааж өгсөн.
Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ тодорхой шалгууртай. Төрөөс, тэр дотроо Засгийн газраас эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцэх, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөлтэй, төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхи, төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоололтой байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулагддаг гэсэн үг. Тэгэхээр аудитын байгууллагын тайлбарлаад байгаа шиг тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаа чиглэл нь заавал эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх ёстой биш юм. Дээр дурьдсан чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай, төсөл хөтөлбөр нь үндэслэл, тооцоолол сайн хийгдэж шалгарсан байвал санхүүжилтийг олгож, хяналтыг тавиад явдаг.
-Эрүүл мэндийг дэмжих санд жилд хэдэн төгрөг төсөвлөдөг, мөн төслийн сонгон шалгаруулалтыг ямар журмаар хийдэг вэ?
-Эрүүл мэндийг дэмжих санд жил бүр гурван тэрбум төгрөгийн төсөв суулгаж, тухайн жилийн эхэнд нэг л удаа сонгон шалгаруулалтыг зарлаж төсөл хөтөлбөрүүдээ шалгаруулж санхүүжилтийг хоёр хувааж олгодог байсныг миний бие Засгийн газрын гишүүн байхдаа 2021 оны аравдугаар сард Засгийн газрын 323 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих” журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг хоёроос доошгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо болон холбогдох салбар зөвлөлийн төлөөллөөс оролцуулан байгуулах, мөн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төслийг тухайн төсвийн жилд улирал бүрийн эхний 20 хоногийн дотор жилд дөрвөн удаа зарлах зохицуулалтай болгосон юм. Энэ зохицуулалтын гол зорилго нь төсөл шалгаруулах ажлыг сайд эсвэл хэн нэг дарга шийддэг бус, маш олон талын оролцоотой болгон өөрчилсөн. Мөн нэг удаа биш дөрвөн удаа төсөл шалгаруулдаг болсон нь улирал, улиралд таарсан эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох боломжийг бүрдүүлж өгснөөр илүү олон байгууллагын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Тэгэхээр энэ сангийн зарцуулалтыг Эрүүл мэндийн сайд хуваарилдаггүй гэдэг нь харагдаж байгаа байх. Тусгай мэргэжлийн баг хуралдаж, зарцуулалтын дагуу ирүүлсэн төсөл хөтөлбөрийг шалгаруулан санхүүжилт олгох санал гаргадаг. Үүнийг нь батлах үүргийг л салбарын сайд нь хүлээдэг юм. Өнгөрсөн хугацаанд энэ дагуу бүх санхүүжилт олгосон. Харин энэ санг бүрэн цахимжуулж, олон нийтэд илүү их ил тод, нээлттэй болгох шаардлагатай юм байна гэдэг нь сая мэдрэгдлээ.
-Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг боловсрол олгоход ямар үр дүн гарсан бэ. Нэлээдгүй анхаарлаа гэж та хэллээ?
-Монгол Улсын хувьд эрүүл мэндийг дэмжих сан байгуулж, архи, тамхины татвараас санхүүжүүлэх шинэлэг санаачилга гарган хэрэгжүүлсэн цөөн улс орны тоонд багтдаг. Эрүүл мэндийг дэмжих сангийн гол үйл ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хүргэж байгаа өвчин эмгэгээс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулах юм шүү дээ. Энэ нь халдварт бус өвчин, халдварт өвчин, хүчирхийлэл ба осол гэмтэл, хоол тэжээл, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн олон хөтөлбөрт хамааралтай юм. Ер нь хүний эрүүл мэнд гэдэг зөвхөн яам дангаараа ажиллаж, эмч сувилагчид эмчлэх тухай биш юм. Өвчнөөс урьчдилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгохын тулд олон удаагийн давтамжтай соён гэгээрүүлэх буюу нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн ажлууд байдаг. Эрүүл мэндийн дэмжих сан энэ ажлыг олон нийтийн оролцоотой хийхэд зориулагдсан гэдгийг дахиад хэлье. Түүнээс бусад сан шиг ойлгож болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|