С.Нэргүй: Маргааш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дуу авианы эмгэг илрүүлэх үзлэгийг үнэ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
Дуу хамгаалах олон улсын өдөр дөрөвдүгээр сарын 16-ны Бямба гарагт тохиох юм байна.
Энэ өдрийг угтаж Улсын нэгдүгээр эмнэлгийн ЧХХСМЗТ-ийн дуу авиа судлалын кабинетад дуу авианы эмгэгийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийх аж.
Энэ талаар тус эмнэлгийн чих, хамар, хоолойн тасгийн их эмч, АУ-ны доктор С.Нэргүйгээс тодруулахад "Маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 08:30-16:30 цагийн хооронд дуу авианы эмгэгийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, дуу авианы өөрчлөлттэй байвал зөвлөгөө өгнө.
Үзлэгт насанд хүрэгчдийг хамруулна.
Төвөнхийн үрэвслээс болж хүний дуу авианы өнгө өөрчлөгддөг. Хэрэв ийм өөрчлөлт мэдрэгдвэл долоо хоногийн дотор эмчид хандах хэрэгтэй байдаг. Дуу хоолойн өнгөө өөрчлөгдсөнийг мэдэхгүй удаан явбал хорт хавдар болох магадлал өндөр.
Хаврын шороо тоостой үед харшлаас, өвлийн улиралд ларингит өвчнөөс үүдэн төвөнх үрэвсдэг. Мөн архи, утаат болон электрон тамхины хэрэглээнээс төвөнхийн үрэвсэл бий болж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүд төвөнхийн үрэвсэлд илүү өртдөг. Электрон тамхийг утаат тамхинаас хор багатай гэсэн судалгаа шинжилгээ байхгүй.
Үрэвсэлт болон ургацагт эмгэг, саа, саажилт, хортой, хоргүй хавдраас шалтгаалан хүний дууны өнгө өөрчлөгддөг.
Ханиад томуу, харшил, хорт зуршлуудаас сэргийлбэл төвөнхийн үрэвсэлд өртөхгүй" хэмээн зөвлөлөө.