Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд цахим давлагаа өрнүүлж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны 04 сарын 07-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн 04 дүгээр сарын 07-ны өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Энэ онд ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь уг өдрийг угтаж, Эрүүл мэндийн яамнаас санаачлан улс орон даяар өрнүүлж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагаатай хамтатган тэмдэглэн өнгөрүүллээ. Уг аяны хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 100 гаруй оюутнуудад “Inbody” биеийн бүтэц найрлагын аппаратаар хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнд тулгуурлан тухайн оюутанд эрүүл зөв зохистой хооллолт, илчлэг тооцох арга, эрүүлээр жингээ хасах, таргалалт, булчингийн массаа нэмэх, өөхний массаа хасах зэрэг зөвлөгөө мэдээллийг нийт оюутнуудад өгч ажиллалаа.
Мөн УНТЭ-ийн хамт олон Энэ жилдээ-Эрүүл жиндээ аянд нэгдэж цахим давалгаа өрнүүлж байна.
Та бүхэнд уг аянд идэвхитэй хамрагдаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалаарай.