УНТЭ-ийн Зүрхний төв “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” сэдэвт ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ амжилттай зохион байгууллаа

2023 оны 4 сарын 06

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн "Зүрхний төв" нь “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” олон улсын сургалтыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийжээ. 

Arslan.mn

УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмар “УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харьцаж байгаагаараа давуу талтай. Хуралд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн. 

Титэм судасны физиологи буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна. 

Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн их сургуулийн эмч, төлөөлөгчид хүрэлцэн ирж, ажлын байран дээрх сургалт, танхим болон цахим хэлбэрээр  сургалтыг амжилттай зохион байгууллаа.” хэмээлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга, АУ-ны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр энэ үеэр “УНТЭ-ийн Зүрх судасны нэгж нь 49 жилийн түүхтэй бөгөөд 2020 онд “Зүрхний төв”-ийг байгуулсан. Ингэснээр манай эмнэлгийн зүрх судасны тогтолцооны эмгэгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Үүний нэг нь “Шигдээсийн нэгж” юм. Эрүүл мэндийн сайдын А/154 тоот тушаалын дагуу долоон аймаг, дөрвөн дүүргийн хүн амд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар манайх 2000 гаруй өвчтөнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийсэн. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ дээр л хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд илүү хүртээмжтэй үзүүлж, төвлөрлийг сааруулж байна.

Үүнээс гадна манай эмнэлэг Монгол Улсад анх удаа 20 тохиолдолд судасны хэт авиан шинжилгээний хяналтан дор гол судасны баллон, шахуургын дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээг хийсэн. Үүний үр дүнд гадагш явах урсгалыг бууруулж чадсан. 

Arslan.mn

Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 тохиолдол байна. 

Насны хувьд хөдөлмөрийн насны буюу 35-55 насныхан, хүйсийн хувьд эрчүүд зүрх судасны өвчлөлд их өртдөг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, хооллолт, стресс, нийгэм, эдийн засгийн байдал. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо сайн хамрагдаж байх, цусан дахь сахарын хэмжээг, даралт, өөх тосны солилцоогоо тогтмол хянаж байх шаардлагатай.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Москвагийн АУ-ны сургуулийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, Судсан дотуурх мэс заслын нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, профессор Димитрий Скрипник: 

Судсан дотуурх хэт авиан шинжилгээ, сүүлийн үеийн стентүүд, титэм судасны физиологийн шинжилгээ зэрэг нь өвчтнүүдийн эмчилгээнд маш их ач тусыг өгдөг. Эдгээр нь нас баралтыг бууруулж, зүрхний шигдээс болохоос сэргийлэн хэвийн амьдрахад нь тусалдаг ба эмчилгээний дараа цээжний өвдөлтгүй болгодог. Сургалтын үеэр хэд хэдэн мэс заслыг бид хамтарч хийлээ. Монголын судсан дотуурх мэс заслын эмч нарын чадвар маш өндөр байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь сүүлийн жилд 1000 гаруй өвчтөнд судсан дотуурх мэс заслыг хийжээ. Монголын эмч нарын ур чадвар нь Европ, АНУ ба дэлхийн бусад орны эмч нарынхтай ижил түвшинд байна.

Arslan.mn

Philips компаний төлөөлөгч, эмч Роман Мушенко: 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт байгаа энэхүү ангиографийн лаборатори нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Хоёр өдөр үргэлжилсэн Мастер класс сургалтанд судсан дотуурх хэт авиан шинжилгээ болон титэм судасны физиологийн үнэлгээ хийдэг технологуудыг зааж сургалаа. Энэхүү хоёр технологийн ач тусаар өвчтнүүдийн эмнэлзүйн үр дүнг сайжруулаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой юм. Жишээ нь судсан дотуурх хэт авиан шинжилгээг титэм судсан дотуурх эмчилгээний үед хэрэглэснээр нас баралтыг бараг 50 хувь бууруулах боломжтой.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645937
0 эможи

keyboard_arrow_up