Ш.Алтантуяа: ЭХЭМҮТ 33 сувилагчдаа 30 сая төгрөгийн байрны урьдчилгаа өгч, ажилчдынхаа цалинг нэмлээ

2022 оны 12 сарын 12

Arslan.mn

ЭХЭМҮТ баярын хурал зохион байгуулж, 33 сувилагчид тус бүр 30 сая төгрөгийн байрны урьдчилгааны эрх олгон, нийт эмч, ажилчдынхаа цалинг нэмсэнээ зарлалаа. 

Мөн амжилттай ажилласан ажилтнуудаа ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулсан юм. 

33 сувилагчид байрны урьдчилгааны эрх олгосон тухай ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа ярихдаа "Монгол Улсын хэмжээнд сувилагч хомсдолтой байна. Тийм учраас энэ жил сувилагч нарыг онцолсон. Хүний нөөцийн алба ажилтнуудаас судалгаа авахдаа байрны урьдчилгаа өгөх тухай хэлээгүй. Бид байрны урьдчилгаа олгох сувилагч нараа санамсаргүй байдлаар сонгосон.

Миний гар дээр нийт 1025 ажилтны судалгаа ирсэн. Эндээс сувилагч нараа шигшиж,

  • ЭХЭМҮТ-д 13 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан,
  • цаашид 10-15 жил тогтвортой ажиллах,
  • өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр орон сууцгүй,
  • орон сууцны зээлэнд хамрагдаж байгаагүй,
  • банкны шалгуурыг хангасан нийт 33 сувилагчийг Захирлын зөвлөл болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн хурлаар нээлттэйгээр шалгаруулж авсан.

Сувилагч нараа бид банкаар мөн судлуудаад шаардлага хангасан 33 хүнийг сонголоо. Яг одоо нэр зарлахаас өмнө хэн авсан нь тодорхойгүй байгаа. ЭХЭМҮТ нийт 1 тэрбум төгрөгийг сувилагч нартаа зориулж байна" гэсэн юм. Сувилагч нарын нэрсийг зарлахад зарим нь нулимс дуслуулан гарч ирж батламжаа гардан авав. 

ЭХЭМҮТ-ийн Нярайн судлалын сэхээний тасагт 22 жил ажилласан ахлах сувилагч Ш.Соёлмаа уг 33 сувилагчийн нэг байлаа. Ахлах сувилагч Ш.Соёлмаа:

 "Эмнэлгийн нийт албан хаагчдадаа баярын мэнд хүргэе! Манай ЭХЭМҮТ-ийн удирдлагууд олон жил тогтвор суурьшилтай ажилласан сувилагч нараа орон байртай болгож байгаад туйлын их баяртай байна. Маш их баярлалаа. Сэтгэл их хөдөлж байна.

Сүүлийн 3-4 жил сувилагчийн хомсдолд орж байна. Сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн нийгмийн асуудлыг нь энэ мэтчилэн шийдэж өгч байгаасай гэж хүсэж байна. 30 хувийн урьдчилгааг эмнэлгийн ажилчид бид нэг дор бөөнөөр гаргаж чаддаггүй байсан. Өнөөдөр 33 сувилагчид ийм боломж олгож байгаад туйлын их баяртай байна" гэлээ.

Цалингийн нэмэгдлийн талаар танилцуулахад 

1. ЭХЭМҮТ-ийн захирлын тушаалаар 25-аас дээш жил ажилласан бүх эмч, ажилчдын цалинг 20 хувь нэмсэн
2. ЭХЭМҮТ-ийн захирлын тушаалаар 25 хүртэлх жил ажилласан эмч, ажилчдын цалинг 15 хүртэлх хувиар нэмсэн.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулж, орлогыг бодитоор нэмэгдүүлэх тухай Засгийн газрын зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаанд 2022 оны 1-7-р сар хүртэл үндсэн цалин, Засгийн газрын тогтоолын нэмэгдэл, илүү цаг, ажил хавсарсны нэмэгдэл, урамшуулал, тэтгэмжинд нийт 15,134,740,000 гаруй төгрөгийг зарцуулжээ. Үүнд үндсэн цалингийн нэмэгдэл 15-20 хувь, Засгийн газрын 82-р тогтоолын нэмэгдэл 36-65 хувь, урамшуулал 28-35 орчим хувиар тус тус нэмэгдэн тооцогдсон байна.

Үүнээс гадна эмч нарыг чадавхжуудах зорилгын хүрээнд 2022 онд ЭХЭМҮТ-ийн 70 шахам эмч дотоод, гадаадын тэтгэлэгт сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлжээ.

1. ОХУ-д Хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр болсон сургалтад ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр найман эмч хамрагдсан
2. Австрали улсын  Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр Хүүхдийн эмчийн сургалтад 50 эмч онлайн сургалтад оролцсон. 
3. Австрийн Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Эх барих, эмэгтэйчүүд, Хүүхдийн эмчийн сургалтад 10 эмч тус тус хамрагдсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645774
0 эможи

keyboard_arrow_up