ХЭН ЮУ ХЭЛЭВ: “Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой“
Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд “Сүрьеэг бид устгаж чадна” гэсэн уриан доор зохион байгуулж байна. Уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Глобал сангаас хамтран өнөөдөр /2023.03.24/ мэдээлэл хийлээ.
"Аливаа халдварт өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой"
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд: Дэлхийн эрүүл мэндийн байгуулга Монгол Улсыг сүрьеэгийн тохиолдол болон олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тархалтаар өндөр, дэлхийн 30 орны нэгдүгээрт гэж 2021 онд мэдээлсэн. Цар тахлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улс орнуудад сүрьеэгийн илрүүлэлт буурч эмчилгээ, хяналтын боломж хязгаарлагдмал болсон. Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн илрүүлэлтийг цар тахлын өмнөх үеэс 30 орчим хувиар буурсан.
Аливаа халдварт өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой байдаг.
Эрүүл мэндийн сайдын халдварт өвчинтэй тэмцэх болон сэргийлэх арга хэмжээний 2022-2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2022 онд батлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үндэсний стратегийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажил хийж байна. Өнгөрсөн 2022 онд Дэлхийн эрүүл мэндийн байгуулаагийн 10 гаруй зөвлөх мэргэжилтэн, хамтарсан баг сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг зургаан чиглэлээр хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг өгч ажилсан мөн глобал сангийн 2024-2026 онд хэрэгжүүлэх төслийг боловсруулах ажил хийж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд сүрьеэгийн 1000 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тодорхой өвчтөнүүдийг шилжүүлэн ажиллаж байна. Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаарлагатай олон ажил байгаа.
Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд олон салбар байгууллагын хамтын ажиллагаа болон хариуцлага маш чухал үүрэгтэй
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа "Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгт, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд багтдаг. Энэ жил дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг "Тийм ээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд олон салбар байгууллагын хамтын ажиллагаа болон хариуцлага маш чухал үүрэгтэй" гэв.
Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан " Манай орны хувьд өнгөрсөн жил улсын хэмжээнд 2354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Энэ нь халдварын тархалт өндөр байгааг илтгэж байгаа юм. Өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.
Манай улсын хувьд сүрьеэгийн оношилгооны чадавх улам бүр сайжирч байгаа. Тухайлбал, үндэсний хэмжээнд эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн хиймэл оюун ухааны технологийг рентген зураг уншихад ашиглаж эхэлсэн. Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай орны хувьд сүрьеэгийн тандалт судалгааг эрчимтэй зохион байгуулж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэдийн хувьд сүрьеэ өвчний талаар ойлголт мэдээлэлтэй байх нь чухал. Хэрэв танд сүрьеэ өвчинд нийтлэг илэрдэг халуурах, турах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байвал заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэж зөвлөж байна. Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" гэлээ.
"Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна"
Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа: Өнгөрсөн оны 9 дүгээр сард хийгдсэн сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээгээр нийт хүн амын дунд байгаа сүрьеэгийн тохиолдлын 80 гаруй хувийг илрүүлж чадахгүй орхигдуулж байна гэсэн зөвлөмж гарсан.
Үүний үндсэн дээр Глобал сангаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дундах сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн далайцтай үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна.
Глобал сангийн дараагийн шатны санхүүжилт болох 2024-2026 оны төслийн саналыг амжилттай боловсруулж ЭМЯ болон Үндэсний зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Глобал санд өргөн бариад байна.
Үүнд:
- Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд молекул биологийн хурдавчилсан оношилгооны аргыг илүү анхан шат руу чиглүүлэх
- Тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, алслагдсан сум суурин газарт амьдарч байгаа иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах чиглэлээр 331 сум, 225 өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сүрьеэгийн оношилгоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн салбар дангаараа зүтгээд амжилтад хүрэхгүй байгаа учраас үүнд бусад салбарын оролцоо, манлайлал, орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэг ихээхэн чухал үүрэгтэй байгаа учраас энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолж байгаа түвшнээс 50 гаруй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан.