П.Насанжаргал: Гурван хүн тутмын нэг нь “СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН“ буюу сүрьеэгийн үүсгэгчийг тээдэг
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 03 дугаар сарын 24-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ онд дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг “ТИЙМ ЭЭ! БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл бид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны Үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал тодрууллаа.
-Сүрьеэгээр өвчлөх гол шалтгаан нь юу вэ?
Манай орны хувьд өвчлөл өндөр оронд ордог. Тийм учраас гурван иргэн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан буюу сүрьеэгийн үүсгэгчийг тээгээд явж байдаг гэсэн үг.
Тэгэхээр тухайн хүний дархлаа суларсан үед сүрьеэгээр өвчлөх магадлал нэмэгддэг.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаагаа дэмжих, ажил амралтын хэмнэлээ зохицуулах, шим тэжээл сайтай хоол хэрэглэх хэрэгтэй. Халдвар авсан иргэдийн 10-15 хувь нь л өвчлөх магадлалтай бөгөөд үлдсэн хувь нь халдварыг тээж явдаг.
-Халдварыг тээж байгаа иргэд бусдад халдвар тархаах боломжтой юу. Эмчилгээ хийгддэг үү.
Эдгээр иргэд бусдад халдвар тараахгүй, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Өөрөө тээгээд л явдаг. Эмчилгээний хувьд далд хэлбэрийн сүрьеэтэй бол эмчилдэг гурван төрлийн горим байдаг. Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандаад далд халдварын эмчилгээнд хамрагдах боломжтой. Далд халдварын эмчилгээнд хамрагдвал тухайн иргэн насан туршдаа сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл унтаа хэлбэрийн өвчин үүсгэгчийг унтаа байхад нь устгах эмчилгээ юм.
-Иргэд уушгины сүрьеэ өвчний талаар л түгээмэл ойлголттой байдаг. Тэгтэл сүрьеэ нь халддаг болон халдварладаггүй, бусад эрхтэний гэж дотроо ангилагддаг. Энэ талаар мэдээлэл өгвөл.
Сүрьеэг уушгины болон уушгины бус гэж ангилдаг. Уушгины сүрьеэг нян судлалаар батлагдсан болон батлагдаагүй гэж хоёр ангилдаг.
Нян судлалаар батлагдсан тохиолдолд л бусдад халдварладаг. Бусад төрлийн сүрьеэ нь халдвар тараах магадлал маш багатай.
Манай орны хувьд уушгины сүрьеэ 60 орчим хувийг эзэлдэг. Үүн дотроо 20 орчим хувь нь л халдвартай хэлбэрийн сүрьеэ байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн эмчилгээгээ эрт эхлүүлвэл 14-21 хоногийн дотор халдвар ялгаруулалт багасч, бусдад халдварлахгүй.
-Сүрьеэ өвчний халдвар аваад эмчилгээг тасалдуулсан тохиолдолд олон эмэнд дасалтай сүрьеэ болж хүндрэн маш олон эмийг удаан хугацаагаар уух шаардлагатай болдог. Тэгвэл энэ эмчилгээнд гарсан ахицын талаар.
Өмнө нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнөөр өвдсөн тохиолдолд 24 сарын хугацаанд найман төрлийн эмнээс өдөрт 14 ширхэгийг уух, зургаан сарын хугацаанд өдөр болгон тариа хийлгэдэг байсан. Тэгвэл одоо тариа эмчилгээ хасагдсан. Дандаа амаар ууж хэрэглэх эмийг эмчилгээндээ нэвтрүүлсэн.
Оношилгоо, эмчилгээний хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тийм ч учраас манай орны эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байна.
Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний амжилт мөн 60 гаруй хувьтай байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна.
-Энэ олон эмийг ямар санхүүжилтээр иргэдэд үнэ төлбөргүй олгож байгаа вэ?
Энэ олон эмийг Глобал сангаас нийлүүлдэг. Глобал сангийн хувьд төсөл хэрэгжүүлээд эмийг нийлүүлж байна. Гэхдээ Засгийн газраас сүрьеэтэй өвчтөнүүдийнхээ эмийн тодорхой хувийг гаргах болзлыг тавьдаг. Одоогийн байдлаар мэдрэг сүрьеэгийн эмүүдийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа бол эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчинд хэрэглэх эмийн нийт зардлын 80 хувийг Глобал сан, 20 хувийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байна. Жил болгон Засгийн газраас гаргах эмийн хувийг нэмэгдүүлэх зарчмаар ажиллаж байна.
-Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
Өнөөдрийн байдлаар сүрьеэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зургаан төрийн бус байгууллага байна. Эдгээр байгууллагууд сүрьеэгийн эрт илрүүлэгт хамтраад оролцож явдаг. Эрт илрүүлгийг аль болох эрсдэлт бүлгийн хүн амд хийх ёстой. Тэгэхээр эдгээр төрийн бус байгууллагууд чиглэл чиглэлээ хувааж аваад эрт илрүүлгээ хийж байна. Жишээлбэл “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ сургуулийн насны хүүхдүүдийн дунд эрт илрүүлэг, үзлэг оношилгоог хийж байна.
Манай орны хувьд хамгийн чухал анхаарал хандуулах эрсдэлт бүлэг нь сүрьеэтэй өвчтөний хавьтал. Яагаад гэвэл эдгээр иргэд халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр. Тэгвэл хавьтлын илрүүлгийг БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Улаанбаатар хотын салбар төрийн бус байгууллага дагнаж хийж байна. Хавьтлын илрүүлэг 80 гаруй хувьтай байгаа.
Таны ойр тойрны хэн нэгэн сүрьеэ өвчнөөр өвдсөн бол та сүрьеэгийн халдвар авсан байж болзошгүй. Тиймээс тодорхой давтамжтайгаар шинжилгээнд хамрагдах шаардлагатай.