Ц.Рэнцэнмягмар: Эмчилгээ хийлгэж, эмээ тогтмол уувал 14 хоногийн дараа сүрьеэгийн халдвар тараах эрсдэлгүй болдог

2023 оны 3 сарын 21

Arslan.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг  Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  2023 онд тус өдрийг  “Тийм ээ, Бид сүрьеэ өвчний устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Тэгвэл сүрьеэ өвчний талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн зөвлөх эмч,  Хүний гавьяат эмч Ц.Рэнцэнмягмартай ярилцлаа.

Сүрьеэ гэж яг ямар өвчин бэ?

Сүрьеэ гэдэг нь бусад халдварт өвчнөөс өвөрмөцөөр халдварладаг, олон эрхтэн системийг гэмтээж янз бүрийн эмнэлзүйн шинжээр илэрч удаан хугацаанд халдвар ялгаруулж байдаг архаг үрэвсэлт өвчин. Ихэнх нь уушги буюу амьсгалын замаар халддаг. Мөн уушгинаас бусад бүх эрхтэн сүрьеэгээр өвчлөх боломжтой. 

Дэлхий нийтэд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэж үздэг. Яагаад ийм их хүн авдаг гэж үздэг вэ гэхээр сүрьеэгээр өвчилсөн хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй ханиаж, найтааж ярихдаа их хэмжээний нянг агаараар цацаж байдаг. Энэ бохирдсон, нянтай агаараар амьсгалж байгаа хүмүүс сүрьеэгийн халдварыг авдаг. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүнтэй хамт амьдарч, ажиллаж байсан хүмүүс мөн халдвар авах эрсдэлтэй болдог. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Учир нь биеийн дархлалын эсүүд сүрьеэгийн нянгуудыг дарангуйлж, унтаа хэлбэрт оруулдаг. Зарим тохиолдолд биеийн дархлаа буурах, сульдах, хоол тэжээлийн дутагдалтай байвал сүрьеэгээр өвчлөх тохиолдол бий.

-Сүрьеэ өвчин дотроо халдвартай, халдваргүй гэх мэт олон хэлбэртэй байдаг. Хэчнээн хувийг нь ямар хэлбэрийн сүрьеэ эзэлж байна вэ?

-Хамгийн эхэнд онцлон хэлэхэд сүрьеэтэй хүн болгон халдвар тараана гэсэн үг биш юм. Шинээр бүртгэгдэж буй сүрьеэгийн тохиолдлын 60 хувь нь уушгины, 40 хувь нь уушгины бус сүрьеэ эзэлж байна. Уушгины бус сүрьеэ нь бусдад халдвар тараах эрсдэл бага. Харин уушгины сүрьеэгийн 75 хувь нь халдвартай, 25 хувь нь халдваргүй хэлбэрийн сүрьеэ байдаг.

Сүрьеэ бол бүх бие махбодод тархсан халдвар байдаг бол уушгины бус эрхтний сүрьеэ бол энэхүү халдварын хэсэг газрын илрэл гэж хэлж болно.

Манай оронд уушгинаас бус сүрьеэгийн дотор булчирхайн сүрьеэ, цээжний гялтангийн сүрьеэ,  ясны сүрьеэ тэргүүлэх байрыг эзэлдэг.  

-Сүрьеэгээр өвчлөх хүний дархлаатай шууд холбоотой гэж ойлгож болох уу?

-Хүний дархлаатай өрсөлддөг өвчин. Агаар дуслын замаар тархдаг. Дархлалын тогтолцоо сайн байвал өвчлөхгүй байх боломжтой. Харин дархлааны систем доголдвол өвчилж эхэлдэг. Мөн хувь хүний амьдарч буй орчин, хоол хүнснээс их шалтгаална.

-Илрэх шинж тэмдэг нь юу вэ?

-Ерөнхий шинж нь толгой өвдөх, халуурах, ханиах, цээжээр өвдөх, хоолонд дургүй болох зэргээр илэрнэ. Сүрьеэ нь архаг халдвар. Тиймээс урьдчилан сэргийлэх зүйл гэж бараг байхгүй. Гол нь ажил, амьдралынхаа дэглэмийг зөв зохицуулж байх ёстой. Хүүхдийн хувьд өрөө, тасалгааных нь агааржуулалтыг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа байгалийн агааржуулалт маш сайн. Хүн бүр шинж тэмдэг илрээгүй ч байсан урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдаж, үзлэгт орж байх хэрэгтэй. Бүх салбар, байгууллагын нийтэд үйлчилж байгаа хүмүүсийг байнга шинжилгээнд хамруулж байвал өвчлөл багасна.

Сүрьеэ нь мэдэгдэхгүйгээр аль ч эрхтнийг гэмтээдэг өвчин.

Arslan.mn

-Сүрьеэгээс улбаалан, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхлын нөхцөл байдал ямар байна вэ?

Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтын үнэлгээний үр дүнгээс харахад гэр бүл, ажлын орчин төдийгүй өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлага ажиглагдаж байна. Ингэснээр цаг тухайд нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх нэг шалтгаан болж байна.  Нөгөө талаас сүрьеэтэй хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг юм байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дорд үзэх асуудал байдаг. Үүнээс болоод эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдол нэлээд байгаа. 

Нэг ёсондоо сүрьеэтэй хүнээс халдвар авах вий гэсэн айдсын улмаас санаатай болон санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхал үүсгэдэг.

-Энэ ялгаварлан гадуурхалтыг бий болгохгүй байхын тулд юу хийх ёстой байдаг юм бол?

-Үнэлгээний хүрээнд засгийн газар болон холбогдох долоон яаманд чиглэсэн зөвлөмж гарсан. Хамгийн гол нь бүх байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Иргэдэд чиглэсэн, сүрьеэгийн талаарх сургалт сурталчилгаа дутуу байгаа учраас айдастай байдаг. Тиймээс иргэдэд сүрьеэгийн талаар, энэ өвчин эмчлэгддэг бөгөөд эмээ уугаад 14 хоноход халдвар тараахгүй гэх мэт үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Манай иргэдэд энэ төрлийн мэдээлэл их дутмаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645582
0 эможи

Зочин
2023-03-22 10:00
Энэний гавъяат гэж юу байдаг юм. Зөв оношлож эмчилж чадахгүй хүний амь хохироочихоод "... ээж нь өөр зорилготой гомдол гаргасан гэж үзэж байна." гээд хээв нэг бие биенээ хамгаалаад сууж байдаг алуурчид шүү дээ. Гадаадаас их хэмжээний валют авахын тулд 1993 оноос "Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр " нэрээр олон хүнийг буруу оношлож буруу эмчилж амь нас эрүүл мэндээр нь хохироосон. ХӨСҮТ бол хулгайч төрд сонгуулийн мөнгө босгож тал засдаг эрүүгийн элемэнтээр дүүрсэн газар.
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up