С.Энхболд: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна
Иргэдийн дунд зохион байгуулж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны явцад цугларсан мэдээллийг нэгтгэн судлах үүрэг бүхий судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өндөр хүчин чадал бүхий суурин компьютерээр хангах арга хэмжээг ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте нар өнгөрсөн баасан гариг /2023-03-17/-т судалгааны багийнханд нэн шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэхээр хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо эрт илрүүлэгт зургаан насны бүлгийн багцын дагуу хамруулах арга хэмжээ өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн.
Нэг жил орчим үргэлжилж буй эрт илрүүлэгт энэ оны гуравдугаар сарын 9-нийг хүртэл нийтдээ 885 761 хүн хамрагдсаны 63.7 хувь буюу 564 025 нь 0-17 насны хүүхэд байна.
Эрт илрүүлэг үзлэгийн явцад их хэмжээний мэдээлэл цугларч их өгөгдөл үүсч буй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар долоон баг бүхий “Эрт илрүүлэгийн мэдээний санг ашиглан халдварт болон халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн судалгааг удирдан, зохион байгуулах” ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг баталсан.
Судалгааны багууд эхний ээлжинд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд цугласан мэдээлэл дээр ажиллаж, урьдчилсан үр дүнгээ гаргаад байгаа.
Эдгээр судалгааны багийн гаргасан дүн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогоо тодорхойлох, иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, эрүүл мэндийн боловсролыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад чухал ач холбогдолтой юм.