Л.ЦЭВЭЛМАА: Жирэмслэхээр төлөвлөсөн бол шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Буйлны өвчлөл нь дутуу төрөхөд нөлөөлнө

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсныхоо дараа эмч, эх баригчтай уулзах, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг мэддэг. Гэхдээ жирэмсэн болохоосоо өмнө өөрчлөлт хийж эхлэх нь маш чухал юм. Эдгээр алхмууд нь бие махбодоо жирэмсэн болоход бэлтгэж, эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг олгох юм. Энэ талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II- ын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч, Клиникийн профессор Л.Цэвэлмаатай ярилцлаа. 

Жирэмслэхээр төлөвлөсөн бол ямар ямар арга хэмжээг авах ёстой вэ?

Эрүүл хүүхэд олох, хүүхэдтэй болох гэдэг нь тун нухацтай авч үзвэл зохих чухал асуудал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсныхоо дараа эмчид үзүүлэн, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг мэддэг. Гэтэл эсрэгээрээ жирэмсэн болохоосоо өмнө өөрчлөлт хийж эхлэх нь маш чухал юм. Энэ нь нь бие махбодоо жирэмсэн болоход бэлтгэж, эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг  олгодог. Тийм болохоор хүүхэд олохоос хагас жилийн өмнөөс л амьдралын хэв маягаа өөрчлөн, биеэ бэлтгэх хэрэгтэй. 

Тухайлбал, жирэмслэхээсээ өмнө шүдний эмчид үзүүлж амны хөндийн эрүүл мэндээ шалгуулж хэрвээ ямар нэгэн үрэвсэлт өвчин байгаа бол түүнийгээ эхлээд эмчлүүлэх хэрэгтэй.  Буйлны өвчлөл нь дутуу төрөхөд нөлөөлөх хүчин зүйл болдог.

 Үрэвсэлт өвчин нь грам сөрөг бактериудаар анхлан үүсгэгддэг бөгөөд тэдгээр нь шүдний суурь холбогч эдүүд, ясыг гэмтээдэг тул жирэмсэн хүнд дутуу төрөх, бага жинтэй хүүхэд гаргах, жирэмсний хожуу үеийн хордлого өгөх зэрэг хүндрэлүүд үүсгэдэг. 

Гэр бүл төлөвлөлт хийх ямар ач холбогдолтой вэ?

Ер нь  манай залуучууд гэр бүл төлөвлөлт гэдгийг эхнээсээ сайн мэддэг, төлөвлөдөг байх хэрэгтэй.  Гэр бүл төлөвлөлт гэдэг нь эрүүл мэнд, гэр бүл, санхүүгийн байдалдаа тохируулан тохиромжтой насандаа жирэмслэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, хүссэн үедээ хүүхэд төрүүлэхийг хэлнэ. Гэр бүл төлөвлөлтийг хийснээр хамгийн чухал нь эх, хүүхдийн эрүүл мэндэд тустай.  

Эх болоход биеийн болон сэтгэл санааны бэлтгэлтэй болно. Эхийн амь насанд аюул учруулж болох жирэмслэлтээс сэргийлж чадна. Төрөлт хоорондын зайгаа 2-3 жил байхаар зохицуулснаар өмнөх жирэмслэлтээр алдсан хүчээ нөхөж авна.

Хүсээгүй жирэмслэлтээс  болон үр хөндөлтөөс урьдчилан сэргийлнэ. Гэр бүл салалтаас сэргийлж, гэр бүлийн бат бөх үндэс суурийг бэлдэх, санхүүгийн нөхцөл байдал сайжрах, түр зуурын сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргахаас сэргийлэх зэрэг олон ач тустай.

-Жирэмсний хяналтад хэзээ орох вэ. Эндээс ээжүүд юу мэдэх авах вэ?

Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний гурван сарын дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж хэлдэг. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр /найз залуу/ ээж, аав, хамт олон,найз нөхөд нь анхаарал халамж тавьж туслаж дэмждэг байх нь чухал. 

Хэрвээ эмэгтэй таны  сарын тэмдэг ирэхгүй байх, жирэмсэн болсон байж магадгүй анхны шинж тэмдэг илрэх, өөрийгөө жирэмсэн болжээ гэдгийг мэдэх үедээ харьяа өрхийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвд болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, амаржих газруудад  хандан, хяналтад орох ёстой.  Ингэснээр өөрийнхөө жирэмсэн эсэхийг зөв оношлуулж, жирэмсний болон төрөх хугацаа зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг мэдэж авна. 

Жирэмсний хяналтад  эрт орох нь жирэмсний хугацаа, жирэмсний өмнөх болон дараах амралтыг зөв тогтоох, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтоох, төлөвлөх, янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчний шинжилгээнд хамрагдах, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эмгэг өөрчлөлт, архаг хууч өвчин, эрхтэн тогтолцооны эмгэгийг  эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжих, жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах   ач холбогдолтой. 

Мөн хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтийг хянах, төрөлтөнд хэрхэн бэлтгэх, жирэмсэн үеийн дэглэм, хооллолт, гэр бүлийн гишүүдийн анхаарах зүйлс, ургийн өсөлт хөгжилтийн талаар болон  нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болно.  

Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?                                                                        

Жирэмсний хяналтанд эрт орсноор олон төрлийн шинжилгээнд хамрагддаг.

  • Цусны ерөнхий шинжилгээ:  Цус багадалт, үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлт, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх
  • Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээсний замын эмгэг, жирэмсний үеийн бөөрний хүндрэлийг илрүүлэх
  • Цээж гэрэлд харах шинжилгээ: Амьсгалын замын эмгэгүүдийг илрүүлэх
  • Үтрээний наацын шинжилгээ: Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдварыг илрүүлэх
  • Тэмбүүгийн сорил: Тэмбүү өвчнийг илрүүлэх
  • ХДХВ илрүүлэх сорил: ДОХ-ын халдварыг илрүүлэх
  • Хэт авиан шинжилгээ: Ургийн өсөлт, хөгжил, удамшлын болон олдмол гажиг, эхэсийн байдал, ургийн усны талаар мэдээлэлтэй болох
  • Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: шаардлагатай тохиолдолд хийгдэнэ.

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн байдал ямар байна? Тэдний  хэдэн хувь нь хүсээгүй жирэмсэн байдаг вэ? 

Монгол Улсад жилдээ 80.000 орчим төрөлт бүртгэгдэж байгаагаас 5 хувийг 15-19 насны  өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байдаг. Энэ нь жилдээ 4000 орчим өсвөр насны охид төрж байна гэсэн үг юм.

Өсвөр нас бол сэтгэл зүй, бие махбодын хувьд бүх талаараа насанд хүрсэн эмэгтэй хүнээс өөр.  Өсвөр насанд бие махбод гүйцэд хөгжиж  төлжөөгүй байдаг учир жирэмсэлснээс болж  их өөрчлөлтөд ордог. Тэр бүх өөрчлөлтийг давж гарах нь сэтгэл зүй болон бие махбодод  их ачааллыг өгнө. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй, жирэмсэн болно гэж мэдээгүй байхдаа жирэмсэн болчихдог. Жирэмсэн болсноо мэдээгүй хугацаа хэтрүүлэх, гэдэс нь томорч хүүхэдтэй болно гэдэгтээ зэрэгцэн  өөрөө сэтгэл зүйн хувьд маш том дарамт, айдаст ордог. Эхийн бие махбод гүйцэд хөгжиж төлжөөгүй үед ураг тээн, төлжиж бойжино гэдэг нь өөрөө их эрсдэлтэй бөгөөд жирэмслэлт, төрөлтийн явцад эх, ургийн талаас  хүндрэл гарах нь элбэг байдаг.

Нийгмийн судалгааны үр дүнгээс харахад өсвөр насны охидын жирэмслэлтийн  дийлэнх нь  хүсээгүй жирэмслэлт давамгайлдаг. Хүсээгүй жирэмслэлт нь маш олон шалтгаантай байдаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг, жирэмснээс хамгаалах  хэрэгслийн хэрэглээг мэдэхгүй, жирэмслэх эгзэгтэй үедээ бэлгийн харьцаанд орох, хүчинд автах  гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь нь үр хөндүүлж байна гэх судалгаа байдаг.  Түүнчлэн жирэмслэлтээс эмээж, түүнийгээ нууснаар сэтгэлийн дарамтад орох, улмаар дутуу төрөх, эмнэлгийн бус нөхцөлд, эмнэлгийн бус аргаар аюултай  үр хөндөлтөнд орж, амь насаа  эрсдэлд оруулж, эрүүл мэндээрээ ноцтой хохирсоор буй нь анхаарал татсан асуудал болж байгаа. 

Өсвөр насны  жирэмслэлтийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

Нэн тэргүүнд өсвөр насныхны суурь эрүүл мэндийн хөгжил хамгийн чухал.  Өсвөр насныхны эрүүл мэнд, өсөлт, хөгжил, сайн сайхан байдалд гэр бүл, амьдарч буй орчин, нийгэм- эдийн засгийн байдал, сургууль, үе тэнгийнхэн, мэдээллийн хэрэгсэл маш их нөлөөлдөг. Эцэг эх, насанд хүрэгчид нь өсвөр насныханд биеийн хөгжил, бэлгийн бойжилтын шинжүүд нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах, биеийн өсөлт хөгжил, эрүүл мэндийнх нь талаар ярилцах, эрүүл амьдралын хэв маягийг таниулах, дадал болгоход нь туслах, эрүүл зохистой хооллох, хорт зуршлаас сэргийлэх, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд туслах зэргээр дэмжиж байх нь чухал.  

Ер нь өсвөр насанд жирэмсэлсэн хүүхдүүдийн  ихэнх нь жирэмсэн болсноо мэдэхгүй эхний саруудаа өнгөрөөсөн байдаг. Энэ нь сарын тэмдэг тогтворжоогүй байдагтай холбоотой байдаг. Түүнчлэн  эцэг, эхээсээ жирэмсэн болсноо нууж явсаар томруулчихдаг. Ингэснээр дараагийн хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй. Ээж, аавын анхаарал дутагдсанаас л хүсээгүй жирэмслэлт их тохиолдож байна.

Эцэг, эхчүүдийн оролцоо өсвөр насны жирэмслэлтээс хамгаалах хамгийн эхний  чухал арга. Эцэг эхчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн өндөр мэдлэгтэй байхаас гадна өсвөр насны охидтойгоо сайн найзын түвшинд илэн далангүй ярилцах хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645282
14 эможи

ЭНЭҮТ
keyboard_arrow_up