Умайн хүзүүний хорт хавдрыг “эрт илрүүлж, эрт эмчлэх, вакцинд хамрагдсан“-аар устгах бүрэн боломжтой

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Монгол Улсад жилдээ 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, бүс нутагтаа энэ төрлийн өвчлөлөөр тэргүүлж байна. Хавдрын шалтгаан нь Хүний Папиллома Вирус (HPV) юм. Уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь "вакцинжуулалт". Дэлхийн 120 гаруй оронд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт амжилттай хэрэгжиж байгаа аж.

Харин манай улс 2012 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй 12-15 насны 10,000 гаруй охидод умайн хүзүүний хавдраас сэргийлэх Гардасил вакцин тарьж байсан ч тухайн үед “Охидыг үргүй болгох гэж байна", "Манай охидод вакцины туршилт хийж байна” гэх мэт мэдээллийг вакцин эсэргүүцэгчид нийгэмд түгээснээс үүдэж уг хөтөлбөр зогссон ажээ. 

HPV-ийн вакцинжуулалт амжилтгүй хэрэгжсэн цөөн хэдэн орны дотор Монгол Улс жишээ болж дурдагддаг нь харамсалтай. Энэ хугацаанд бид өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашилбал олон мянган эмэгтэйн амь насыг аврах боломжийг алдсан гэж хэлж болно.

Тийм ч учраас 2022 оноос эхлэн хүний папиллома вирусний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амыг вакцинжуулж эхэлсэн юм. 
Одоогоор дэлхийн 119 орон буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж охиддоо хийж байна. Харин өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдээ бас хамруулж байна. Учир нь энэ вакцин зөвхөн умайн хүзүүний хавдраас сэргийлэх бус ХПВ-ээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, gender neutral буюу хүйс харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст хийж байна.  

HPV вирус нь умайн хүзүүний эсийг өөрчилж энэ нь аажмаар хавдарын эх үүсвэр болдог. Умайн хүзүүний хавдар нь ихэвчлэн олон жилийн туршид үргэлжилсэн хавдрын урьдал эмгэгээс үүсдэг тул эс судлалын шинжилгээ буюу ПАП (pap smear) тестээр хэвийн бус эсийн өөрчлөлтийг илрүүлдэг. Эрт илрүүлгийн тестийг 21 наснаас эхлэн хийх бөгөөд шинжилгээ нь хэвийн гарсан эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа хийлгэх ёстой. 
2020 оны байдлаар, АНУ-ын хувьд умайн хүзүүн хавдар, хавдрын урьдал эмгэг төдийгүй анус, эрэгтэй бэлэг эрхтэн, үтрээ, хоолойны хавдруудыг үүсгэдэг HPV 16, 18 хэвшинжээс гадна, 6, 11, 31, 33, 45, 52, 58 зэрэг өндөр эрсдэлт вирусаас урьдчилан сэргийлэхэд Gardasil 9 гэсэн ганцхан вакциныг хэрэглэж байна. 

Тэгвэл өнөөдөр бидэнд тулгараад буй жилдээ 400 гаруй эмэгтэй өвчилдөг уг өвчнийг ялан дийлэхийн тулд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг сайжруулж, вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх юм. Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645085
1 эможи

Hhe
2023-03-01 09:53
Zugeer ochood buten biyiin uzlegt Gants udaa shudee zuugad ochchih. Urt nasalna ya.
keyboard_arrow_up