Сүрьеэгийн төсөлд санал хэлэлцүүлэх хамтрагч талуудын ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ боллоо
Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр бол Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл юм.
Тус сан нь 20 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр (2023.02.07) Глобаль сангийн дэмжлэгтэй 2024-2026 онд хэрэгжих сүрьеэгийн төсөлд санал хэлэлцүүлэх "Хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт" боллоо.
Уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, төр болон төрийн бус байгууллага, өрх, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд, сүрьеэгээр өвчилсөн иргэд, тэдгээрийн ар гэрийн төлөөлөл, сүрьеэгийн чиглэлээр ажиллаж байгаа ТББ, мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөлөл оролцлоо.
Д.Баярболд: Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр 2023-2030 оныг хүртэлх Үндэсний стратеги төлөвлөгөөг боловсруулж байна
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх ажлыг тусгасан байдаг. Энэ төлөвлөгөөг 2022 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулаад хэрэгжиж байгаа. Үүний нэг томоохон хэсэг нь энэ Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил. Энэ дагуу 2023-2030 оныг хүртэлх Үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд Глобаль сангийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгийн төсөл хөтөлбөр хэрэгждэг. Энэ төсөл хөтөлбөрийн дараагийн шатны арга хэмжээний хэрэгжих хугацаа болон ДОХ, сүрьеэтэй тэмцэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Глобаль сангаас олон нийтийн оролцоог хангасан, олон нийт, төрийн бус байгууллагуудын саналыг тусгасан, илүү эрсдэлт бүлгийн хүн ам руу чиглэсэн үйл ажиллагаануудыг төлөвлөх тал дээр гол шаардлага тавьдаг. Энэ асуудлын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг олон нийтийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж хийж байна.
Б.Оюундарь: 20 жилийн хугацаанд Глобаль сангаас багагүй дэмжлэгийг үзүүлсэн нь сүрьеэгийн халдварыг нийт хүн амын дунд тогтоон барихад том хувь нэмрийг оруулсан
Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь: Глобаль сангийн төсөл хөтөлбөрийг манай улсын Засгийн газар хэрэгжүүлснээс хойш 20 жил болж байна. Ахиад бидэнд боломж гарч ирсэн. Юу вэ гэвэл 2024-2026 онд 3 жилийн хугацаатай сүрьеэ, ХДХВ, ДОХ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр нийт 14 сая ам.долларын санхүүжилтийн хуваарилалтыг Глобаль сангаас Монгол Улсад олгосон. Энэ дагуу уулзалт нь шийдвэр гаргах түвшинд оролцох боломжгүй, сүрьеэ өвчнийг даван туулсан бүх зовлон жаргалыг нь мэддэг, олон нийтийн дуу хоолойг тусгах гол зорилготой.
Мөн дээрээс нь салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш, нийгмийн халамж, боловсрол гээд цогцоороо салбар хооронд хамтарч ажиллаж байж сүрьеэ өвчинтэй тэмцэж, өвчлөлийг бууруулах, 2030 он гэхэд дэлхийд “сүрьеэг устгах” зорилгод хүрэх болно.
20 жилийн хугацаанд Глобаль сангаас багагүй дэмжлэгийг үзүүлсэн нь сүрьеэгийн халдварыг нийт хүн амын дунд тогтоон барихад том хувь нэмрийг оруулсан. Мөн үнэтэй эм, эмчилгээний зардлыг Глобаль сангаас санхүүжүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, эмчилгээ үйлчилгээг үнэгүй олгох тал дээр дэмжлэг үзүүлсэн. Мөн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр оношилгооны дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж буюу зөөврийн рентген аппаратыг 21 аймагт нийлүүлсэн.
С.Ганзаяа: Глобаль сангаас төсөл хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар боловсруулах ЗӨВЛӨМЖ болгодог
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа: Глобаль сангийн дэмжлэгтэй 2024-2026 онд хэрэгжих сүрьеэгийн төсөлд санал хэлэлцүүлэх "Хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт"-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
Уулзалтын гол зорилго нь Глобаль сангийн дэмжлэгтэй цаашид хэрэгжих төсөл хөтөлбөр дээр олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрсдэлд бүлгийн хүн ам төлөөлөл, энэ төслийн үр шимийг хүртэгч иргэдийн санаа бодлыг тусгах, цаашдын хэрэгжилтэд анхаарах асуудлаар санал авахаар цуглараад байна.
Глобаль сангийн хамгийн гол тавьж байгаа шаардлага бол олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар төслийг боловсруулахыг зөвлөмж болгодог. Энэ хүрээнд уулзалтуудыг зохион байгуулж, оролцогчдын санаа бодлыг цаашдын үйл ажиллагаанд тусгана. Өнөөдрийн уулзалтад төр болон төрийн бус байгууллагууд, ялангуяа эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэлтэй холбоотойгоор Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, өрх сумын ЭМТ-ийн төлөөлөл, сүрьеэгээр өвчилсөн иргэд, тэдгээрийн ар гэрийн төлөөлөл, сүрьеэгийн чиглэлээр ажиллаж байгаа ТББ, мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөлөл оролцож байна.
Э.Оюунчимэг: Сүрьеэгийн бүртгэл, тайлан мэдээг 2024 оноос цахимд 100 хувь шилжүүлнэ. Ингэснээр тусламж үйлчилгээг үзүүлэгч болоод хүлээн авагч хүмүүст ээлтэй орчин бүрдэх юм
ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг: 2022 онд Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний зорилтод сүрьеэгийн тусламж, үйлчилгээний асуудлууд, төлөвлөлтүүд хийгдсэний дагуу дээрх ажлууд 2023 онд хэрэгжээд явна.
Сүрьеэ өвчний эрт илрүүлэлтэд хамгийн их анхаарах хэрэгтэй. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Коронавирус цар тахлаас шалтгаалаад сүрьеэгийн илрүүлэлт буурсан. Сүрьеэгийн илрүүлэлт буурна гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн хүнийг олж илрүүлж чадахгүй, улмаар эмчилгээнд хамруулахгүйгээс шалтгаалан нийгэмд халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдварт өвчин нь нийгэм, эдийн засгийн маш олон хор хөнөөлийг дагуулж байдаг. Тиймээс эрт илрүүлгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн Сүрьеэгийн бүртгэл, тайлан мэдээг 2024 оноос цахимд 100 хувь шилжүүлэхээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар цаасан болон цахим бүртгэл аль алиныг зэрэгцүүлэн авч явж байгаа. Энэ мэтчилэн томоохон хүндээ ээлтэй, тусламж үйлчилгээг үзүүлэгч болоод хүлээн авагч хүмүүст ээлтэй олон ажлуудыг төлөвлөн хийж байгаа.