Улсын нэгдүгээр эмнэлэг төгсөлтийн дараах сургалт эрхэлдэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа ШИНЭ ТҮВШИНД гаргана
Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) нь Эрүүл мэндийн хөгжлийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдтэй Төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул, Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Ц.Дүүрэнжаргал, бусад мэргэжилтнүүд болон ЭМХТ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ, ЭХЭМҮТ, ЦТЭ-ийн удирдлага, холбогдох албаны төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцож, тулгамдсан асуудлын хүрээнд цаашид шийдвэрлэх, гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг төлөвлөж, харилцан мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Тус арга хэмжээг нээж Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “УНТЭ нь дотоод, гадаадын олон сургалтыг зохион байгуулдаг сургалт хариуцсан 850 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай том байгууллага юм. Мөн 500-600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэн гаргадаг.
Энэ удаад УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ,инноваци эрхэлсэн дэд захирал, сургалтын албаны санаачилсан арга хэмжээний урилгыг хүлээн авч, хамтран ажиллах гэрээг нэгдсэн журмаар байгуулах үйл ажиллагааг дэмжиж ирсэн Та нартаа талархал илэрхийлье.
Бид энэ жилийн сургалтаа чанартай, үр дүнтэй зохион байгуулж, олон улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Эмч хүн ганцаараа сайн байгаад эрүүл мэндийн салбар сайжрахгүй, багаараа сайн байж эрүүл мэндийн салбар хөгжиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах юм.” гэдгийг онцлов.
УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ ёслолын арга хэмжээ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Сургалт эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг хугацааны хувьд нэгдсэн ижил болгон жигдлэх, нүүр тулж, биечилсэн уулзалтаар гэрээний үр дүнгээ үнэлж, алдаа дутагдал, ололт амжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хамтдаа сайжруулж, хамтдаа зэрэгцэн хөгжтх төпөвлөлт, менежментээ хийж, харилцан туршлага солилцож байх зорилготой юм. Мөн бүх Эрүүл мэндийн байгууллага болон салбарын хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болох сувилагчийн хомсдолыг бууруулах, цаашид тус эрсдэлээс сэргийлж, СЭБ-уудын зүгээс хамтарч ажиллах, асуудал дэвшүүлж, шийдлээ ярилцах зорилготойгоор АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоог тусгайлан урьж оролцуулж байгаагаараа онцлог юм” гэв.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Дондогмаа “УНТЭ нь үндсэн болон төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр их эмч, сувилагч сургах зэрэг олон жил сургалт явуулсан туршлагатай байгууллага. СЭБ-уудын хүрээнд анх удаа ийм арга хэмжээ зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Тиймээс бидний зүгээс Энэхүү хамтын ажиллагааг цаашид илүү сайжруулахаар хамтран, дэмжиж ажиллахад бэлэн байна" гэсэн юм.