Улсын хоёрдугаар төв эмнэлэг хавдар, нуруу нугас, мэдрэлийн зэрэг 80 гаруй мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-аар үзүүлж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс Мэс заслын тасгуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр (2023.01.27) зохион байгуулж байна.
Өдөрлөгт эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг долоон тасаг оролцож, эмч мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, мэс засалд ашиглаж буй сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.
УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасаг сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээнээс гадна нуруу нугасны анхдагч болон үсэрхийлсэн хавдрыг авах мэс засал, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслыг хийж байна. Мөн мэс заслын тасгууд бүх төрлийн дурангийн мэс заслуудыг хийж байгаа бөгөөд 3 tesla MRI, 128 зүслэгтэй компьютер томограф, pet scan зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байгаа гэдгээр онцлогтой байна.
Б.Эрдэнэбулган: Ходоод, улаан хоолой, элэг, нойр булчирхай, бөөр, мэдрэлийн эрхтний хавдрын мэс заслуудыг хийж байна
УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган “ Мэс заслын тасгууд иргэдэд чиглэсэн өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг салбар бол мэс заслын салбар юм. Монгол Улсын хувьд анагаах ухааны мэс заслын салбарт сүүлийн жилүүдэд дурангийн мэс заслууд эрчимтэй хөгжиж байна. Дурангийн мэс засал маш олон давуу талтай. Үүнд мэс заслын дараах шарх сорви багатай, бусад эрхтэн тогтолцоонд гэмтэл бага учирдаг зэрэг маш олон давуу талтай. Тиймээс манай эмнэлгийн дурангийн мэс заслыг орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хүнд ээлтэй, зовуурь багатай, хөдөлмөрийн чадвар хурдан сэргээдэг олон давуу талтай дурангийн мэс заслуудыг хөгжүүлэн улсдаа тэргүүлэх байр сууриа эзлэн ажиллаж байна.
Мөн Мэдрэлийн мэс засал болон Нүдний мэс заслын тасгууд эрчимтэй хөгжүүлэн ажиллаж байна.
2022 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар УХТЭ-ийн бүтэц шинэчлэгдсэн бөгөөд энэ хүрээнд өнөөдөр нийт 7 мэс заслын тасгийг төрөлжсөн нарийн мэргэжлээр иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд хавдрын мэс заслуудыг хийж байна. Ходоод, улаан хоолой, элэг, нойр булчирхай, бөөр, мэдрэлийн эрхтний хавдрын мэс заслуудыг хийж байна. Ингэснээр ХСҮТ-ийн ачааллыг тодорхой хувиар бууруулахад бодиттой хувь нэмэр болж байна.
Иргэдэд хавдрын мэс засал болон бусад ерөнхий мэс заслуудыг харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар хийж үйлчилж байна.” гэдгийг онцлов.
Ц.Нармандах: 80 гаруй төрлийн мэс заслыг дурангаар хийж байгаа нь нийт мэс заслын 70 хувийг эзэлж байна
УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Ц.Нармандах: УХТЭ-ийн Ерөнхий мэс засал, Гэмтэл согог судлалын тасаг, Мэдрэлийн мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Бөөр шээсний замын мэс засал, Хамар хоолойн мэс засал болон Нүдний мэс заслын тасгууд 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий мэс заслын тасаг нь 60 ортой иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмч нарын 50 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой эмч нар ажиллаж байгаа бөгөөд мөн резидент эмч нарыг сургаж байна.
Ерөнхий мэс заслын хувьд цээжний хөндийн, судасны болон хэвлийн хөндийн мэс заслуудыг хийж байна. Долоон тасаг нь өнөөдрийн байдлаар 80 гаруй төрлийн мэс заслыг дурангаар хийж байгаа бөгөөд энэ нь нийт мэс заслын 70 гаруй хувийг эзэлж байна.
Иргэдийг сайн мэдэх олгой, цөс авах мэс заслуудаас гадна ходоод авах, уушги, нойр булчирхай тайрах, нойр булчирхайн сүүл, толгой хэсгийг тайрах томоохон мэс заслуудыг амжилттай хийж байна.
Б.Онон: Оношлогооны дурангийн үйл ажиллагааны тасгууд эмчилгээг давхар хийж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн
УХТЭ-ийн Мэс засал судлалын тасгийн их эмч, Тэргүүлэх зэргийн эмч Б.Онон: Манай УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийж байна.
Сүүлийн үеийн дурангийн төхөөрөмжөөр ходоод, улаан хоолой, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэс дурандах, цөсний ерөнхий соргог дурандаж, цөснөөс чулуу авах мэс заслуудыг хийж байна.
Мэс заслын тасаг нэгжүүд шаардлагатай багажуудаар бүрэн хангагдсан тул тусламж үйлчилгээний чанар илүү сайжирсан. Сүүлийн үед ходоодны шарх, нойр булчирхайн хавдар их болж байгаатай холбогдуулан Оношлогооны дурангийн үйл ажиллагааны тасгууд эмчилгээг давхар хийж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Ерөнхий мэс заслын чиглэлээр жилд 4500 орчим мэс засал хийж байна. Үүний 80 гаруй хувийг дурангийн аргаар хийж байна.
Мөн улсын хэмжээнд ганцхан байгаа Цөмийн оношлогооны аппарат манай эмнэлэг дээр байдаг. Уг аппаратын ашиглан хавдрын байрлал зүйг олж, тухайн байрлалд тарсан мэс заслуудыг хийж байна. Түүнчлэн хавдрын дараах хими эмчилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна.