Ш.Энхтүвшин: Өвдөг, нуруу, мөр, мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт болон мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ( УХТЭ)-т өвдөлт намдаах нэгж нээгдэж иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Энэ талаар УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр " Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж, харьяалал харгалзахгүйгээр дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилж байна.
Өвдөгний өвдөлт 45-с дээш насны хүмүүст зовуурь ихтэй байдаг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд 2 дахин их байгаа. Жишээлбэл, таргалалтаас болж байна. Мөн эмэгтэйчүүдийн өвдөлт бол нэлээн зовуурьтай, явахад бэрхшээлтэй байдаг. Энэ дээр өвдөлт намдаах тасаг өвдөлт намдаах эмчилгээ хийнэ. Дээрээс нь өвдөгний "жийргэвч" гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа.
Мөн нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношлоод рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж чадаж байна.
Нурууны архаг өвдөлтийг мэс заслын болон эмийн эмчилгээ гэсэн 2 төрлөөр эмчилж байгаа.
УХТЭ-т мэдрэлийн нурууны мэс заслын М.Тэмүүжин эмч ажиллаж байна. Мөн эмийн эмчилгээ болон рентген хяналтад тарилга хэлбэрээр мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч н.Энхцэцэг, н.Энхтүвшин миний бие ажиллаж байна.
Нурууны архаг өвдөлт 40-с дээш насны хүмүүсийг насжилттай холбоотой мөн янз бүрийн гэмтлийн улмаас хүнд юмыг буруу өргөх, үсэрч бууснаас болох, барилдах, спортын хичээллэдэг хүний буруу харайлт, үсрэлтээс болж нурууны архаг үрэвсэл нэлээд хувийг эзэлж, хөдөлмөр алдах, чадварыг бууруулдаг тохиолдол их гардаг. Архаг өвдөлтийн гол шалтгаан бол нэгдүгээрт насжилт, хоёрдугаарт таргалалт, гуравдугаарт гэмтэл гэж үздэг." гэв.
Эмчийн үзлэгийн цагийг үйлчлүүлэгч биеээр ирж авах бол эмнэлгийн цахим бүртгэлийн хэсгээс мөн утсаар 70150222 дугаар луу залган цаг авах боломжтой.