Ц.Чинбаяр: 0-4 насны хүүхдүүд томуугийн улмаас богино хугацаанд өндөр халуурч байна
Томуугийн тархалт 0-3 насныхны дунд их тохиолдож байгааг Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийх үеэр онцоллоо.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр "Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдөр ХӨСҮТ-д 198 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд нь уушгины хатгаагаар хүндэрсэн.
Мөн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байна.
0-4 насныханд:
- Богино хугацаанд өндөр халуурах
- Ханиалгах
- Хоолой бачуурах
- Уушги гэмтсэн тохиолдолд амьсгаадах, амьсгалын дутагдлын шинж илэрч байна.
Томуу, томуу төст өвчин үүсгэгч голлох гурван вирус 0-4 насныханд түгээмэл байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ дулаахан хувцаслах, насанд нь тохирсон амин дэмээр баялаг хоол хэрэглэх, гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.
0-5 насны хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна " гэлээ.