Ч.Уртнасан: Агаарын бохирдол томуугаар өвдөх эрсдэлийг НЭМЭГДҮҮЛЭГ

2022 оны 12 сарын 27

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд сургууль амарсан ч ханиад томуугийн тархалт их байгааг иргэд цахим хуудастаа бичиж байна. Мөн уламжлалт болон эмэн эмчилгээ хийсэн ч ханиад эдгэхгүй олон хонож байгаа талаар сэтгэгдлүүдийг бичжээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.


-Ханиад томуугаар өвдсөн тохиолдолд бага насныхан удаан хугацаанд эдгэрч байна. Томуугийн халдварын вируст ямар нэгэн онцлог байна гэсэн үг үү?

-Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн хоёр долоо хоногт дараалан өссөн байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж орны ачаалал эрс нэмэгдлээ. Сүүлийн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн 203 хүний 10 орчим хувь нь томуу томуу төст өвчин, 20 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүмүүс эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүмүүсийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, тэр дундаа дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байгаа юм.

Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мөн 15 хүртэлх насныхан байна. Энэ удаагийн томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой.

Вирусийн тандалтаас харвал томуугийн H1N1, А хүрээний H1N1, томуугийн В хүрээний вирус зэрэг давхар орчилд байна. Томуугийн В вирусийн тухайд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд хүндрэл их үүсгэж, эдгэрэх явц удаашралтай байна.

Томуугийн вирусээс шалтгаалж хүүхэд болон жирэмсэн эх, чихрийн шижинтэй хүмүүс, архаг хууч өвчтэй тохиолдолд хүндрэх эрсдэл илүү өндөр байна.

-Иргэд энэ жил томуугийн улирал удаан хугацаанд үргэлжилж байгаа талаар хэлж байна. Томуугийн дэгдэлтийн улирал хэзээнээс эхэлдэг вэ?

-Томуугийн улирал аравдугаар сараас ирэх жилийн тавдугаар сарыг дуустал явагддаг. Оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхэн. Covid-19-ийн цар тахлын хугацаанд нийгмийн хариу арга хэмжээний хувьд өндөр бэлэн байдалтай байсан учраас томуугийн улирлыг хэдхэн долоо хоногийн дотор бууруулсан.

Мөн өнгөрсөн 2020-2021 онд томуугийн өвчлөл маш бага байсан. Харин энэ жилийн хувьд цар тахлын дараа буюу бүх нийтийн арга хэмжээ олноор зохиогдож, хөл хорио цуцлагдсан учраас зуны улиралд ч томуугийн идэвхжилт өндөр байлаа.

Тэгэхлээр энэ жил томуугийн улирал эдгэрэх явц удаан, сунжруу байна. Энэ жилийн хувьд өвчлөлийн дэгдэлтийн оргил үе эрт эхэлсэн. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг, эх асран хамгаалагчидтай холбоотой.

Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийг хамарсан баяр ёслолд хүүхдээ дагуулж очихгүй байх, хүүхдийн тоглоомын төвүүдээр бага үйлчлүүлэх нь зөв. Учир нь томуугийн дэгдэлт өндөр идэвхжилтэй байх хугацаа урт байх төлөвтэй байна.

-Ханиад хүрч, хоолой өвдсөн тохиолдолд иргэд дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь зөв үү?

-Буруу. Хүмүүс вирусийн гаралтай томуу биш байхад вирусийн эсрэг эм ууж улам хүндрэх нөхцөл үүсгэдэг. Мөн хүүхдүүддээ дур мэдэж эм өгөх, антибиотек хэрэглэх тохиолдол ч гардаг. Энэ бүхэн маш буруу. Ханиалгаж байгаа тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүж, ам, хамраа зайлах чухал. Мөн шинж тэмдэг илэрч л байвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрэв өвчлөл энэ хэвээр өссөөр байвал хүүхдүүдийг эмнэлгийн коридорт авах нөхцөл байдал ч үүсэх эрсдэлтэй байна.

Тиймээс иргэд нэн шаардлагатай биш л бол хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх нь чухал. Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их.

-Хүүхдүүдэд тэгвэл ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?

-Ханиалгах, өндөр халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу эмийн эмчилгээг хийхгүйгээс хүндэрч, дараагийн шатны эмнэлэгт хандах нь нэмэгдсэн. Covid-19-ийн үед иргэд гэрийн эмийн сангаа их ашиглаж байсан бол одоо мэргэжлийн эмчид хандахыг л анхаарах хэрэгтэй.

Бага насны хүүхдэд Covid-19-ийн үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрнэ гэдгийг анхаарч, эмчийн заавраар эмчилгээг хийх нь эдгэрэлтийг хурдасгана.

-Агаарын бохирдол, утаа ханиад томуугийн дэгдэлтийг өдөөдөг гэж үнэн үү?

-Нийслэлд агаарын бохирдол ихэсдэг улиралд томуугийн дэгдэлдт оргилдоо хүрдэг. Мэдээж агаарын бохирдол томуугаар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнээс шууд өвчлөл үүсгэдэг гэдгийг судалгаагаар тогтоосон зүйл байхгүй.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643732
0 эможи

keyboard_arrow_up