Бие бялдар, сэргээн засах судлалынхан оношилгоо, эмчилгээний ОЛОЛТ, АМЖИЛТАА хэлэлцэн ЧУУЛЖ байна
Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 16 дахь эрдмийн чуулган “Цочмог үеийн сэргээн засах эмчилгээ ба өвдөлтийн менежмент” сэдвийн дор өнөөдөр эхэлж байна.
Энэхүү эрдмийн чуулганаар сэргээн засах багийн цогц тусламж, үйлчилгээний үр дүнг хүртсэн үйлчлүүлэгчийн төлөөлөл болгож тархины хүнд гэмтэл авсан 7 настай хүүгийн бүрэн бусдын хараат байдлаас гарч, бие дааж амьдарч чадах боломжтой болж байгаа жишээг үзүүлсэн видео бичлэгээр нээлтээ хийсэн нь онцлог байлаа.
Мөн Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Сэргээн засах тусламж, үйлчилгээний үр дүнд олон үйлчлүүлэгчдийн амьдралын чанар дээшлүүлж, шинэ амьдрал бэлгэлдэг учраас нээлтээ үйлчлүүлэгчийн сэтгэгдэл, түүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн сэргээн засахын багийн танилцуулгаар эхэллээ, ойрын жилүүдэд бид сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх ЭМС-ын баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллах, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зорилт тавьж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эмч, судлаачдаас суралцах, харилцан туршлага солилцох шаардлагатай байгаа учраас энэ удаагийн чуулганд гадаадын олон зочин илтгэгчид оролцож байна гэдгийг онцлон хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаа нар мэндчилгээ дэвшүүлсэн.
Өнөөдрийн чуулганд манай салбарын дотоодын эрдэмтэн, профессор, зөвлөх эмч нараас гадна БНХАУ, Тайланд, Гонконг, Англи улсын сэргээн засахын эрдэмтэд, эмч, судлаач нар уригдан оролцож, зонхилон тохиолдох өвчин эмгэгийн цочмог үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ болон өвдөлт намдаах багийн гишүүдийн танилцуулга, өвдөлт намдаах багт үйлчилгээ ажиллаж буй сэргээн засахын эмчийн гүйцэтгэх үүргийн талаар боловсролын илтгэлийг хэлэлцүүлсэн бол чуулганы дараагийн өдөр чуулганы сэдвийн хүрээнд эмнэлзүйн дадлагын хийж, харилцан туршлага солилцох үр өгөөжтэй чуулган болж байна.