“Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“
“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 34 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг.
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг болсон юм.
Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 341 хүн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ХДХВ буюу ДОХ-ын тохиолдол хэрхэн бүртгэгдэж байсныг авч үзвэл:
- 2020 онд 25 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 311
- 2021 онд 16 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 327
- 2022 он гарснаар 14 тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт 341 халдварын тохиолдолтой байна.
Ямар замаар дамжих вэ?
- Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
- Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
- Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
Халдварын хэлхээ
- Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
- Өртөмхий байдал – бүх насны хүмүүс
ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?
- ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
- Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
- Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?
- Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
- Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх
- Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх
- Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарахыг зөвлөдөг.









