Хоёр сарын хугацаанд ЕБС-ийн нийт 1400 гаруй сурагчдыг СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ үзлэгт хамрууллаа
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлэн эмчилгээнд хамруулж байна.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт хамрагдсан байна.
Түүнчлэн өнгөрсөн 10, 11 дүгээр сард АШУҮИС-ийн Ангаахын ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимтэй хамтран ХӨСҮТ-ийн СТСА болон дүүргийн сүрьеэгийн диспансераас өгсөн чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын нийт хоёр сургуульд сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг амжилттай зохион байгууллаа.
Үүний үр дүнд ЕБС-ийн нийт 910 багш, ажилчин, сурагчдыш сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулснаас уушгины рентген зураг өөрчлөлттэй 30 гаруй сурагчдад баталгаажуулах шинжилгээ хийлгэж, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.
Тус үзлэгт хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн рентген аппаратаар сурагч тус бүрээр цээжний зураг авч, асуумж судалгаа бөглөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, уушгины өөрчлөлттэй тохиолдлуудад баталгаажуулах шинжилгээ /IGRA/ нд хамруулан эмчилгээнд оруулсан байна.
Сурагчид болон бага насны хүүхдүүдийн сүрьеэгийн далд халдварыг оношлоход хиймэл оюун ухааны технологит суурилсан зөөврийн рентген аппаратаар рентген зураг авч, Интерферон гамма /IGRA/ шинжилгээг нэвтрүүлсэн нь том дэвшил болж байна.
“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ нь 2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн нийт 4860 гаруй , 2022 онд Баянзүрх дүүргийн 5468 гаруй сурагч, багш ажилчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж, нийт 140 гаруй уушгины рентген зураг өөрчлөлттэй тохиолдлыг илрүүлсэн юм. Үүнээс сүрьеэгийн 20 гаруй тохиолдлыг илрүүлэн харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерын эмчилгээнд хамруулан үр дүнгээ тооцсон аж.