УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний III чуулган“ өнөөдөр /2022.11.25/ болж байна.
Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд улсын, аймаг, дүүргийн нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, АШУҮИС-ийн Уушги харшлын тэнхимийн профессор С.Мөнхбаярлах нар үг хэлсэн бөгөөд АШУҮИС-ийн АУ-ны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн багш Э.Ганбат хүндэтгэлийн лекц уншлаа.
Энэ жилийн чуулганы хуралд 100 гаруй ховор тохиолдлын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан Эмгэг судлалын үндэсний төв, АШУҮИС, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ховор тохиолдлын илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ГУРВАН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДЛЫГ шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох юм.
"Эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна"
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "УНТЭ дээр “Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулган” гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Эхний жилд анх санаачлан зохион байгуулахад “ ховор тохиолдол” гэж ийм өвчин байдаг гэдэг дээр илүү ач холбогдол өгч хэлэлцүүлэг хийдэг байсан. МУ-ын хүн ам цөөтэй тул ховор өвчний тохиолдол харьцангуй бага байдаг. Тиймээс нийт элбэг тохиолддог ховор өвчнүүдэд илүү анхаараад ажиллаж байна. Учир нь элбэг тохиолддог өвчнөөр өвдсөн хүмүүс их хохирч, гадагшаа явахад их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болдог кейсүүд бас их байдаг гэдгийг харуулах зорилгоор анх зохион байгуулж байсан.
Үндэсний чуулганд жилээс жилд оролцож байгаа эмч, мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж байна. Энэ жил гэхэд 100 гаруй илтгэл ирүүлсэн байна. Тухалбал, өрхийн, сум, дүүгийн болон лавлагаа шатлалын бүх эмнэлгүүдээс илтгэл ирсэн байна. Илтгэлүүдээс харахад бараг “ийм өвчин байдаг юм уу” гэж асуухаар мэдэхгүй тохиолдлууд ч байна.
Өнөөдрийн үндэсний чуулганы хамгийн онцлог нь эмнэлзүйн ховор тохиолддог өвчний кейсүүдээс эмч, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож дараа дараагийн эмнэлзүйн үйл ажиллагаандаа анхаарч ажиллаж, түүгээр дамжуулан ховор тохиолдлын өвчлөлийн эмчилгээг сайжруулах ач холбогдолтой болж байна. Мөн эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ: