Д.Бямбадолгор: Вирусийн гаралтай ханиаданд АНТИБИОТИК үйлчлэхгүй, эсрэгээрээ ДАРХЛАА СУЛРУУЛДАГ
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Антибиотикийн талаарх Дэлхийн 7 хоног” аяныг "НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр УХТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч Д.Бямбадолгор дараах зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэд дур мэдэн гэрээр антибиотик их хэрэглэж өвчин нь хүндрэх үед эмнэлэгт ханддаг тул амьсгалын эмгэгийг эмчлэхэд маш олон эрсдэл дагуулж байна. Сүүлийн үед олон эмэнд тэсвэржсэн нянгаар үүсгэгдсэн уушгины өвчлөлүүд нэмэгдэж байна. Дур мэдэн антибиотик хэрэглэснээр олон эмэнд тэсвэржсэн нянгаар үүсгэгдсэн уушгины үрэвсэл хүндэрч өөр төрлийн антибиотик хэрэглэхэд хүргэдэг. Мөн эмчилгээний өртөг өндөр гарч, удаан хугацаагаар эмчилгээг хийлгэх шаардлагатай болдог.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин, ханиадны гол үүсгэгч нь вирус юм. Амьсгалын замын вирусийн үед антибиотик эмчилгээний заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вирусийн халдвар уу, бактерийн халдвар уу, хатгаа байна уу гэдгийг өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв оношилгоо хийлгэж, оновчтой эмчилгээ хийх нь зүйтэй. Эрүүл, дархлаа сайтай үед эм уухгүй байсан ч амьсгалын замын өвчин өөрөө аяндаа эдгэрч болно. Томуугийн халдвараар өвчилсөн тохиолдолд элдэв антибиотик дур мэдэн хэрэглэлгүй витамин, эрдэс бодисоор баялаг хоол тэжээл хэрэглэх замаар дархлаагаа сайжруулах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ханиаднаас сэргийлэхийн тулд дулаан хувцаслаж, халуун хоол цай идэх, халуун аарц, мөн чацаргана, аньс хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух нь хэрэгчтэй гэдийг зөвлөмөөр байна." гэв.