Эрүүл мэндийн байгууллагаас авч буй тусламж, үйлчилгээнийхээ мэдээллийг ХЯНАХ боломжтой болжээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор иргэний хяналтын системийг нэвтрүүлсэн байна.
Ингэснээр иргэд Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-аас авч буй тусламж, үйлчилгээгээ өөрөө хянах боломжтой болжээ.
Мөн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавьж, нэмэлт төлбөр болон өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаднаас авчруулах зэрэг даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хүрээнд иргэдийн гар утсанд авсан тусламж, үйлчилгээнийх нь мэдээллийг сар бүр мессежээр илгээж эхэлсэн байна.
ЭМБ-уудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянаж үзээд давхар хянах шаардлагатай гэж үзсэн 72 мянган нэхэмжлэхийг тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд илгээсэн. Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэд илүү чанартай тусламж, үйлчилгээ авч, санхүүгийн эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж авах зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн гэж ЭМЯ-аас мэдээлэв.