С.Энхболд: Жил бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд тодорхой төсвийг тогтмол суулгаж ажиллана
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.11.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа Эрт илрүүлэг үзлэг, оношилгооны явцтай газар дээр нь танилцлаа.
2022 оны 11 сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.
Тэрбээр "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт 501,739 иргэн үзлэгт хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын дунд
- 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
- 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
- 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
- 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
- 10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна.
Энэ үр дүнг бий болгоход хүчин зүтгэсэн нийт эрүүл мэндийн салбарын 58 мянга гаруй мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Та бүхний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд бид эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чигийг тодорхойлох big data-г бий болгож байна.
Бид цаашид бодлогоор нийт хүн амд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эмчлэх, өвчлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урт хугацааны бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Иргэн бүрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулснаар эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж, хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал бөгөөд энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зориулж Улсын төсвөөс 60,8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд цаашид жил бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тодорхой төсвийг тогтмол суулгаж ажиллана. " гэв.