Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 44 дэх удаагийн ЭРДМИЙН ЧУУЛГАН “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор болж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн 44 дэх удаагийн эрдмийн чуулган “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор өнөөдөр /2022.10.29/ зохион байгуулагдаж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн хоёр жилийн хугацаанд олон зүйл хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсэний дотор анагаах ухааны салбарт давшингуй өөрчлөлт нилээдгүй гарлаа. Бид ч энэ хугацааг алдалгүй өөрсдийн мэдлэг, туршлагад суурилсан судалгааны ажил, эрэм шинжилгээний туршилтуудыг хийж үр дүнг нь хүртсэн давташгүй түүхийг өгүүлсэн цаг хугацааг даван тууллаа.
УХТЭ нь сүүлийн жилүүдэд бүхий л чиглэлдээ өргөжин тэлж үйл ажиллагаа эрчимжиж буй бөгөөд хүний нөөцийн хувьд ч мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Үүний илэрхийлэл бол өнөөдрийн эрдмийн чуулганд оролцож буй эмч нарын судалгаа, бүтээл, тохиолдлын чанар, цар хүрээ олон улсын түвшинд хүрч өрсөлдөх хэмжээний болсон байгаа нь манай эмнэлгийн бахархал гэж хэлмээр санагдаж байна” гэдгийг онцлон хэлээд бидний туршлагыг хамтран суралцахаар ирсэн хамтын ажиллагаатай орнуудын эрдэмтэд мөн зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан 3 дүүргийн эмнэлгийн удирдлагад талархаж байгаагаа илэрхийлэв.
Өнөөдрийн хуралд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох уригдан ирж мэндчилгээ дэвшүүлж, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого ба гүйцэтгэлийн санхүүжилт” сэдвээр зочин илтгэл танилцууллаа.
Мөн БНСУ-ын Канбуг Самбунг эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн дарга, төслийн удирдагч Кан Жэ Хонь цахим мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү хуралд БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн 3 эрдэмтэн, тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд нийт 32 аман илтгэл, ханын 19 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулах юм.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүн нь дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлсэн, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх бодлого, менежентийг тодорхойлсон, эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээнд туршлага солилцох зэрэг онол практик хосолсон үр өгөөжтэй болж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
|