Насанд хүрэгчдийн 15-20 хувь нь В вирусын архаг тээгчээр тогтоогджээ

2014 оны 7 сарын 29

Манай улс В, С вируст гепатит өвчний тархалт өндөртэй орны тоонд ордог төдийгүй вируст гепатитын хүндрэл, элэгний архаг өвчлөл, хатуурал, хавдрын түвшин жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх, архаг гепатиттэй болон вирус тээгчдийг эмчлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй. В, С вируст гепатитын халдвартай хүмүүсийн ихэнх нь халдвар авсан эсэхээ мэддэггүй. Ялангуяа гепатитын В вирусын халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг байна. Халдвар авсан нярайн 90 орчим хувьд нь халдвар архагшиж, элэгний хатуурал, хавдар болох магадлал өндөр байдаг ажээ.

Гепатит нь элэгний есөн төрлийн вирусаар үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин юм. Эдгээрээс А, В, С, D, E зэрэг вирус зонхилон өвчлөл үүсгэдэг байна. Өвчний явц, үр дагавар, хүн амыг олноор хамарсан өвчлөл үүсгэх шинж чанараараа дээрх таван төрлийн вирус өөр хоорондоо ялгаатай аж. Элэгний А, Е вирус нь бохирдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар, В, С, D вирус нь халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, бусад биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн багаж хэрэгсэл, /зүү, тариур/ зэргээр дамжин халдварладаг. Түүнчлэн В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар тус тус халдварлах нь бий.

Хурц хэлбэрийн гепатитын халдвар нь арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Гепатит өвчнөөс маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буурдаг байна. Мөн А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх, ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний хяналт, шинжилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх. Бэлгийн аюулгүй харьцааг эрхэмлэх /бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх гэх мэт/, судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах, шивээс хийлгэх, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэх зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх зэргээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Манай улс уг өвчнийг 1952 онд албан ёсоор бүртгэж авсан бөгөөд 1962 онд өвчлөлийн оргил үе байсан байна. 10,000 хүн амаас 331 хүн өртөж байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүн амд 30 промиль хүртэл буурсан байна. Нийт вируст гепатитын 85 орчим хувийг А, 10 орчим хувийг В, хоёр хувийг С вируст гепатит тус тус эзэлж байсан. Харин 2005-2011 онд Улаанбаатар хот болон өвчлөл өндөртэй зарим аймгийг сонгон авч, А вируст гепатитын эсрэг вакцинаар 49,303 хүүхдийг дархлаажуулсан бөгөөд 2012 оноос эхлэн шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг нэг нас 2 сартайд болон хоёр настайд нь А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж байна.

А вируст гепатитаар өвчлөгсдийн зонхилох хувийг ес хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлдэг бол цочмог В вируст гепатитаар 20-29 насныхан, С вирусаар 30-аас дээш насныхан ихэвчлэн өвчилдөг байна. В вируст гепатитын эсрэг дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80 хувь нь халдвартай байсан бөгөөд насанд хүрэгчдийн 15-20, бага насны хүүхдийн 5-11 хувь нь В вирусын архаг тээгч болохыг судлаачид тогтоосон байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6415
0 эможи
keyboard_arrow_up