Ц.Батболд: Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Цаашид удирдлагын багийн тогтвортой байдлыг хангаж ажиллана
Өргөө амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболдоос цаг үеийн асуудлыг тодрууллаа.
Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын сэлгэн ажиллах тухай тушаалын дагуу өнөөдөр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар түр томилогдоод хагас өдөр ажиллаж байна. Одоогийн байдлаар Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Цагийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгвөл, Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилчид нь дотроо хуваагдсан, хуучин ажиллаж байсан захирлын баг болон Үйлдвэрчний эвлэлийн хороо санал зөрөлдсөн асуудлууд байна. Захирлын зөвлөлийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзлаа.
Мөн надтай хамтарч ЭМЯ-аас зөвлөн туслах баг буюу ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ахлуулсан баг хамт ажиллаж байна. ЭМЯ-ны ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан юм байна. Мөн Хяналт-шинжилгэн үнэлгээ аудитын газраас өнгөрсөн 8 дугаар сард шалгалт орсон. Эмнэлэгтийн удирдлагын багт шалгалтаар илрүүлсэн хугацаатай 9 зөвлөмжөөс нэгийг л биелүүлсэн зэрэг асуудлууд байна. Дээрээс нь удирдлагын баг, бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүс ёс зүйн харьцаа доголдол гаргасан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл дүгнэлт нь гарсан байхад одоо хүртэл ажлаа хийгээд байж байгаа асуудал байна.
Ажлаа аваад эмнэлгийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж, хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, хамгийн түрүүнд сахилга хариуцлага ёс зүйг баримтлах ёстой гэсэн зарчим тавина. Хоёрдугаарт, хүний нөөцийн дутагдал үүсээд байгаа газрууд дээр мэргэжилтэн авч ажиллуулах байдлыг судалж байна. Гуравдугаарт, ЭМЯ-ны ёс зүйн дүгнэлт болон хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлт гарсан учир Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал цагдаагийн хурандаа П.Эрдэнэцэцэг, Дотоод хяналтын ажилтан Гарамханд (ШШБЕГ-аас тэтгэвэрт гарсан) нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Шийдвэрийг холбогдох хүмүүс танилцуулаад сонсгох ажиллагаа явагдана.
Мөн удирдлагын зөвлөлийн гишүүдээс ажлаа тааруухан хийж байгаа, ажилдаа эзэн болоогүй хүмүүс мэр сэр байна. Жишээлбэл, эмнэлгийн Чанарын үйл ажиллагаа зогссон байдалтай байна. Өдөр тутмын үйл ажиллагаа тоон мэдээллүүд нь тодорхой бус, санхүү дээр бас тендерүүд зарлагдаад буцаад дахиад зарлагдсан байдал ажиглагдаж байна. Эмийн үнэ өссөн байдалтай, өмч хамгааллын байнгын зөвлөл болон эдийн засагч нар хоорондоо дотоод ажлын уялдаа сул байгаа нь ажиглагдаж байна.
Түүнчлэн эмнэлгийн ажилчид бие биеэ хүндлэх харилцаа, хандлагын асуудал яригдаж байна. Ийм байдал байгаа учраас сошилоор асуудлууд яваад байна гэж дүгнэж байна. Үүнийг аль болох хурдан засаж залруулах үүрэг надад бий. Тиймээс нэн даруй энэ байдлыг засаж удирдлагын багийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах талаас шуурхай арга хэмжээ авч ажиллана." гэв.