Ц.Эрдэмбилэг: Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан П.Энхцэцэгийг Өргөө амаржих газрын дарга нь өөрөө дур мэдэн томилсныг ЭМЯ-аас шалгаж байна
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Шалгалтаар нэлээдгүй олон зөрчил илэрсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар бүтэц, орон тоо, дүрмийг баталсан байдаг. Гэтэл Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дур мэдэн сонгон шалгаруулалттай холбоотой заалтуудыг өөрчилсөн байсан. Мөн харьяаны доор ажиллах ёстой үүргүүдээ дэд захирлууддаа шилжүүлсэн болон санхүүгийн зөрчлийн асуудлууд илэрсэн. Үүнийг ЭМЯ-ны хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас илрүүлэн 2022 оны 8-р сарын 22-нд зөвлөмж бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу нэг сарын хугацаатай албан даалгавар өгсөн. Үүний дагуу хяналтын шалгалтаар хэрэгжилтийн биелэлттэй танилцахад зөрчлүүд хэвээрээ байсан. Хугацаатай өгсөн үр даалгавар, зөвлөмж биелэгдээгүй болох нь тогтоогдсон.
Түүнчлэн ажилчдаас ирсэн гомдлын ихэнх нь ёс зүйтэй холбоотой гомдлууд байсан учир ЭМЯ-ны дэргэдэх Эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн хорооноос шалгалт хийсэн. Эмнэлгийн ажилчидтай уулзаж, асуумж, мэдээлэл авсан. Дүгнэлтээр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дүрмийн 11 төрлийн заалт зөрчсөн байсан нь тогтоогдсон. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд Ж.Энхцэцэг даргаас тайлбар мэдээлэл авсан. Ж.Энхцэцэг дарга тухайн үед ёс зүйн хорооны дүгнэлт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Үүний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг тухайн үед өгч байсан. Тиймээс процессын дагуу уржигдар буюу аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэг даргыг чөлөөлөхөөр хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж, ажлаас чөлөөлөх тушаал нь өчигдөр гарсан. Тэгэхээр ЭМ-ийн сайдыг “сошиалаар ажлаа хийлээ” гэсэн шүүмжлэл ямар ч үндэслэлгүй зүйл.
Түр хугацаанд Өргөө амаржих газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг томилоод байна.
Харин Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг "Өргөө" амаржих газрын Дэд даргаар томилсон асуудлыг ЭМЯ-аас шалгаж байгаа. Уг цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан дэд захирал хийж байгаа гэх хүн нь Ж.Энхцэцэг даргын үед томилогдсон байна лээ. Томилгооны шат дамжлагыг ЭМЯ-наас шалгаж байна. Удахгүй мэдээлэл өгнө.
Эмнэлгийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс мөнгө өвдөг асуудлыг таслан зогсоосон нь эмнэлгийн даргын хийх л ёстой ажил байсан.." гэв