У.Нармандах: Үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдрын хоёр тохиолдлыг шинээр илрүүлсэн

2022 оны 8 сарын 28

Arslan.mn

 

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2022.08.27) Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Арга хэмжээнд  Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Болормаа, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нармандах болон бусад албан хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

Мөн энэ өдөр “Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт боллоо. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулагдсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношлогооны зориулалт бүхий энэхүү  төвийг өнгөрсөн 5 дугаар сард ашиглалтад оруулсан. Энэ хугацаанаас хойш тус төвөөр 1200 гаруй иргэн үйлчлүүлжээ.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 21 кабинетаар дамжуулан иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх төрлийн үзлэг, оношлогоог хийж байна. Цаашид нүд болон чих хамрын нарийн хагалгааг орон нутагтаа нутагшуулах зорилтыг тавин ажиллаж буйгаа эмч нар тодотгон танилцуулаа. Мөн сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдснаар ажиллах нөхцөл бүрдсэн, иргэдийг үзэж оношлоход урамтай, ажлын бүтээмж үр дүн өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нармандах “ Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд аюулгүй, тав тухтай, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан орчинд 21 кабинетаар иргэдэд эрт илрүүлгийн шинжилгээ, үзлэг хийж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 18-45 насныхан илүү идэвхтэй хамрагдаж байна. Үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдрын хоёр тохиолдлыг шинээр илрүүлсэн. Иргэдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл өндөр байгаа.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641283
0 эможи

keyboard_arrow_up