БАЙР СУУРЬ: Сүрьеэ өвчнийг устгахад шийдвэр гаргагч бүх түвшнийхэн НЭГ БОДЛОГО БАРИМТЛАН ажиллана

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байгаа бөгөөд  Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэгд тооцогддог. Манай улсад  жилд дунджаар 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж, жил бүр 200 гаруй хүн энэ өвчний улмаас нас барж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлж буй үзүүлэлт юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ЭМЯ, ХӨСҮТ, “Глобаль” сан зэрэг байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр сүрьеэгийн салбарт  тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжтой гаргалгааны талаар Засгийн газар, Эрүүл мэндийн яам, төрийн болон төрийн бус байгууллагуудын байр суурийг хүргэж байна.

С.Амарсайхан: Сүрьеэгийн шинэ эмнэлэг барьж, эмчилгээ, оношилгоог шинэ түвшинд гаргах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, эмийн чанар стандартыг сайжруулахад анхаарна

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан: “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Сүрьеэгийн тусламж, үйлчилгээн дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, салбар хоорондын уялдааг бэхжүүлж буй нь Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч байгаагийн илрэл юм.

Ерөнхий сайдын ивээл дор анх 2018 онд зохион байгуулагдаж байсан. Сүрьеэгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээг авах, мэргэжлийн үйлчилгээ зөвлөгөө, эмчилгээ, оношилгоог шинэ түвшинд гаргахад Засгийн газраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний нэг нь өнөөдрийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх дээд хэмжээний уулзалт болж байна.

Сүрьеэ өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч манай улсад өндөр тархалттай байна. Цар тахлаас үүдэн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил хязгаарлагдмал байсан. Цаашид энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн салбар юу хийх вэ, Засгийн газар юунд анхаарах вэ, ялангуяа сүрьеэ өвчнийг эмчлэхтэй холбоотой орчин нөхцлийг сайжруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд бүх талын оролцоог хангах, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийнэ. Иргэд ч гэсэн өөрсдийгөө хамгаалах, олон талын хамтын ажиллагааны үндсэн дээр СҮРЬЕЭ өвчнөөс нийгэм даяараа урьдчилан сэргийлэх, эмчлэх, эдгээх боломжтойг мэддэг байх хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлийн арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдах ёстой. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах нь Засгийн газрын зорилго. Энэ зорилготод хүрэхийн тулд сүрьеэгийн шинэ эмнэлэг барьж, эмчилгээ, оношилгоог шинэ түвшинд гаргах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, эмийн чанар стандартыг сайжруулах, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг сайжруулах алхамуудыг хийх ёстой гэж үзэж байна.

С.ЭНХБОЛД: ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд 41 нэгжид нэвтрүүлж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдсэн

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү чуулган дээр хэлэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх нэн шинэ халдвар болох КОВИД-19-ийн цар тахлын эгзэгтэй цаг үед хүн төрөлхтний хамгийн эртний өвчин болох сүрьеэгийн асуудлыг хэлэлцэж дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж байгааг онцлоод цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн олон улс оронд сүрьеэгийн илрүүлэлт оношилгооны хожимдлыг үүсгэж байгааг онцоллоо.  

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн Молекул, биологийн  оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдээд байгаа.

Мөн лабораторийн шинжилгээнд чанарын гадаад хяналтыг сайжруулан 2021 оноос ЖенеЭскперт шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг Өмнөд Африкийн “Смартспот” байгууллагатай хамтран эхлүүлж, 2021, 2022 онд бүх лабораториуд амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгэл нь олон улсын түвшинд хүрснийг сайшаалаа.

Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд нэн чухал дүрс оношилгооны орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байгаа нь томоохон дэвшил болсон. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19-ын цар тахлын тусламж үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хамт олонд талархал илэрхийлье.

2018-аас 2022 онуудад Булган аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорноговь аймгийн Сайншанд сум зэрэг хүн ам олноор төвлөрсөн, дотоодын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал ихтэй, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт Халдварт болон сүрьеэгийн 30 ор бүхий эмнэлгийг ашиглалтад ороод байгаа.

ДЭМБ-аас зөвлөмж болгож буй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийг богино хугацаанд өөрийн оронд хэрэгжүүлж олон эмд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн 60 хувь нь богино горимоор эмчлэгдэж байгаа нь энэхүү горимыг амжилттай нэвтрүүлсэн орнуудыг Монгол улс түүчээлж байгаа. Манай улсын СТРИМ багийн судлаачид энэхүү эмчилгээний горимыг дэлхий дахинд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэе.

Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон олон асуудлууд байсаар байгаа.

Ё.Баатарбилэг: Цар тахлын үед зогссон байсан сүрьеэгийн эмнэлгийн ажлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үед эрчимжиж, тендер худалдан авах ажлууд зохион байгуулагдаад явж байна сайн мэдээтэй

Arslan.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь "Сүрьеэгүй Монгол" лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг: Нийгмийн анхаарал татсан асуудал болох сүрьеэгийн асуудлаар Үндэсний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй МУ-ын Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ,Глобаль сан болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлж байна. 

Сүрьеэгийн тархалт дэлхий нийтэд, ялангуяа Ази Номхон далайн бүсийн орнууд тэр дундаа Монголын өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудал болоод байна.Сүүлийн зургаан жил УИХ дахь "Сүрьеэгүй Монгол" лобби бүлэг байгуулж, энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний хувьд анхаарал хандуулах хэд хэдэн асуудал байна. 

Үүнд: Сүрьеэгийн тархалт, далд хэлбэрийн сүрьеэ нь Улаанбаатар хот түүн дотроо захын дүүргүүдэд маш өндөр байгаа нь гэсэн судалгаагаар тогтоогдсон. Сүрьеэгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас яаралтай  сүрьеэгийн тусгайлсан нэгдсэн эмнэлэг байгуулах шаардлагатай байна. Тиймээс төсөвт анх удаагийн эмнэлгийн барилгыг суулгасан. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ ажил зогссон байсан бол Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үед эмнэлгийн ажил эрчимжиж, тендер худалдан авах ажлууд зохион байгуулагдаад явж байна.  

  • Сүрьеэгийн  эмнэлгийн барилга 2022-2023 онд багтааж ашиглалтад оруулах хэрэгтэй. Засгийн газраас сүрьеэгийн асуудлыг онцгой анхаарч байгаа гэж харж байна. Тиймээс эмнэлгийн барилгыг хугацаанд ашиглалтад оруулна гэж найдаж байна.
  • Сүрьеэгийн эмчилгээний нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хүний нөөцийн асуудлыг одооноос анхаарах хэрэгтэй байна. 
  • Глобаль сангийн төсөл 2023 оноор дуусаж байгаа учир хариу арга хэмжээний санхүүжилтийг тогтмол улсын төсөвт суулгах шаардлага үүсч байна.  
  • Өвчлөл өндөр байгаа зарим дүүргүүдэд сүрьеэгийн диспансерыг тусд нь байгуулах шаардлагатай байна. Ялангуяа БЗД, СХД-үүдэд хамгийн түрүүнд байгуулах хэрэгтэй байна. 
П.Анужин: Сүрьеэ өвчин нийгмийн халдварт өвчин тул цаашид өсвөр үеийн залуучуудыг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх талын арга хэмжээг авах нь чухал

Arslan.mn

УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин: Дэлхий дахинаа төдийгүй Монгол Улсад тулгамдсан асуудал болсон сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх замаар халдварыг бууруулах, сүрьеэ өвчний хяналтыг сайжруулахад та бүхний үнэтэй хувь нэмэр, санал санаачилга чухал байна. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй дэлхийн 30 орны тоонд орж, 100 мянган хүнд ногдох өвчлөлийн түвшин 437, тэр дундаа эрэгтэйчүүдэд зонхолж байгаа нь тандалтын судалгааны үр дүнгээр харагдаж байна. Мөн хүүхдийн дунд сүрьеэ өвчлөл их бөгөөд 2021 оны тайлангаар нийт тохиолдлын 12.3 хувийг эзэлж байгаа нь сүрьеэгийн халдвар нийгэмд өндөр тархалттай байгаагийн илрэл юм.

Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээнд орохгүй байх, эмчилгээг таслах зэргээс шалтгаалан сүрьеэгээр өвчилсөн иргэн өвчнөө нуух, бусдад тараах эрсдэл гарсаар байна.

Сүрьеэгийн өвчилсөн хүмүүс болон тэдгээрийн 70 гаруй хувьд нь санхүүгийн  ямар нэгэн дарамтад өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. 

Бид цаашид сүрьеэгийн эмнэлгийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэн, ашиглалтад оруулах, сүрьеэгийн илрүүлэлтийг  нэмэгдүүлэх, эрсдэлтэй бүлгийн хүн амыг хавьталтаас урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, оношилгооны тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Сүрьеэ өвчин нийгмийн халдварт өвчин тул цаашид өсвөр үеийн залуучуудыг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүх талын арга хэмжээг авах нь чухал байна. 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640928
2 эможи

keyboard_arrow_up