Дэлхийн зүрхний өдрийг ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Халдварт бус өвчлөлөөс зүрх судасны эмгэг нь дэлхийн нийт хүн амын нас баралтын ТЭРГҮҮЛЭХ шалтгаан болдог. Зүрхний өвчлөл, тархинд цус харвалтын шалтгаанаар дэлхийд жил бүр 18.6 сая амь нас алдагдаж байдаг ч тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Монгол улсын хувьд зүрх судасны эмгэг нь өвчлөлийн тэргүүлэгч 5 шалтгааны нэг ба нас баралтын хувьд сүүлийн 10 жилийн туршид буурсаар байгаа ч тэргүүлэгч шалтгаан хэвээр байсаар байна.
Дэлхийн Зүрхний Федерациас хүн амын дунд зүрх судасны өвчний талаар мэдлэгийг түгээх, түүнээс урьдчилан сэргийлэхэд уриалах жил бүрийн 09 сарын 29-ны өдрийг ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР хэмээн нэрийдэж дэлхийн нийт хүн амыг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
Тамхи татахгүй байх, эрүүл хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг энгийн арга хэмжээг өдөр тутамд хэрэгжүүлсэнээр зүрх судасны, харвалтын шалтгаант цаг бусын нас баралтыг 80%-иас дээс хувиар бууруулах боломжтой.
Энэ өдөр иргэд, гэр бүлүүд, хамт олон, засгийн газрыг зүрх бүхнийг хамгаалахад нэгдэж үр дүнтэй арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалдаг юм.
2022 оны 09 сарын 29-ны өдөр Дэлхийн зүрхний өдрийг ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ (USE HEART FOR EVERY HEART) уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ - өөрөөр сэтгэж бодохыг уриалж байгаа. Зөв шийдвэр гаргаж, эрмэлзэлтэйгээр хийж гүйцэтгэх, бусдад туслах ба энэхүү чухал үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байгаа юм. Зүрх бол бидний сонсож, мэдэрч чаддаг цорын ганц эрхтэн юм.
ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ - Өөрөөсөө эхлээд бусдад чиглэж байгаа юм. Дэлхийн Зүрхний Өдрийн мэдээллийг хүн бүрт хүргэж зүрх бүхэн эрүүл байгаасаа гэж хүсэж байна.
Эх сурвалж: УГТЭ Зүрхний судасны үндэсний төв
|