УГТЭ: Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслийн шинэ технологи нутагшуулж байна.
Энэ удаа тус эмнэлэгт энэ сарын 18-24 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс зургаан тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийж байна.
Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.
УГТЭ 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.
Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгджээ.