Үндэсний яаралтай тусламжийн багийн СУРГАЛТ зохион байгуулагдаж байна
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсад “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинарыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ээс 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг нээж Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Э.Галбадрах нар нээж үг хэллээ.
Энэхүү баг байгуулагдсанаар олныг хамарсан гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед дайчлагдан ажиллаж осол гэмтэлд өртсөн нэрвэгсдийг аврах, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжтой болно.
Тус сургалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн эрүүл мэндийн онцгой байдлын мэргэжилтэн Шон Кэйси дэлхий дахины “Эмнэлгийн яаралтай тусламжийн баг”-ийн чиг хандлага, гол зарчим, стандартыг танилцууллаа. Мөн худалдан авалт, хангалт хариуцсан мэргэжилтэн Ян-Эрик Ларсэн “Эмнэлгийн яаралтай тусламжийн багийн үйл ажиллагааны дэмжлэг, логистикийн стандартууд”, Монгол улс дахь эмнэлгийн яаралтай тусламжийн багийг хөгжүүлэх талаар танилцууллаа.
Уг сургалт нь багийн ажил, бүлгийн хэлэлцүүлэг, онол хослон явагдаж буйгаараа давуу талтай юм. Сургалтын багийн ажлыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд чиглүүлэн санал солилцож байна.
Эрүүл Мэндийн Яамны харьяа байгууллагууд, ОБЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн Тусгай Алба Хаагчдын Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн нийт 60 эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагч нар сургалтад оролцож байна.
Сургалт 9 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.