Ц.Билэгтсайхан: Лабораторийн салбарт шинэчлэл хийх, шинэ техник технологиудыг нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа
Монгол улсын хэмжээнд 300 гаруй клиник лаборатори 160 гаруй үзүүлэлтээр 9 чиглэлээр лабораторийн шинжилгээ хийж байгаа ба өнөөдрийн байдлаар 19 лаборатори MNS ISO15189: 2015 итгэмжлэлд хамрагдсан байна.
Тэгвэл өнөөдөр буюу 2022.09.21-ний өдөр ХӨСҮТ, ЦССҮТ хамтран иммуногематологи, иммунологи, бактериологийн чиглэлээр лабораторийн шинжилгээний чанар, чанарын гадаад үнэлгээ, тулгамдсан асуудлын сэдвийг хөндөж салбарын эмч, мэргэжилтнүүдэд зориулан “Лабораторийн шинжилгээний чанар хангалт, чанарын гадаад үнэлгээний төрлүүд, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж байна.
Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлыг даван туулахад далд фронтод зүтгэсэн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл их байсныг дурдахад таатай байна. Лабораторийн шинжилгээний чанар хангалт, чанарын гадаад үнэлгээний төрлүүд, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын чиг хандлагатай эн зэрэгцэх зорилготой тус сургалтыг бид ЦССҮТ, ЭНТО ХХК, Их Британийн Рандокс олон улсын лабораторийн чанарын хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниудтай хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна.
ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл энэ оны дөрөвдүгээр сард шинэчлэгдэж “Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл”-тэй болж миний бие “Лабораторийн ерөнхий мэргэжилтэн” гэх хүндтэй үүргийг хүлээн авсан. Энэ хүрээнд бид лабораторийн салбарт шинэчлэгдэн явагдаж байгаа бодлогуудаа хэрхэн уялдуулах, шинэ техник технологиудыг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдрийн сургалт, семинар зохион байгуулагдаж байгаа. ЦССҮТ, ХӨСҮТ-тэй хамтран 17 жилийн турш иммуногиматологийн болон цусаар дамжих халдвар, ДОХ, Тэмбүү, гепатит В, С вирусийн үндэсний чанарын гадаад хяналтыг зохион байгуулсан. Чанарын хяналтад эхэндээ есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй лабораторууд хамрагддаг байсан бол 2022 оны байдлаар ХӨСҮТ-ийн үндэсний чанарын гадаад хяналтад иммунологийн чиглэлээр Хепатитын B, C вирус, ДОХ/Тэмбүүгийн үүсгэгчээр 121 лаборатори, нян судлалын чиглэлээр 63 лаборатори хамрагдаж байна.” хэмээлээ.
Энэ үеэр ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд ХӨСҮТ, ЦССҮТ-өөс эмч мэргэжилтнүүдийн хийсэн үнэлгээнүүдээ танилцуулж байна. Үүн дээр бид ямар арга хэмжээ авах уу? Ялангуяа МУ-ын хэмжээнд үндэсний лавлагаа лабораторийг байгуулах асуудал нэн чухал юм. өнөөдрийн сургалтаар тодорхой зөвлөмжүүд гарна. Үүнийгээ ЭМЯ-нд танилцуулж санал солилцоно. Үндэсний хэмжээний лавлагаа лабораторитой болсноор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх лабораториуд нэг стандарттай болно гэсэн үг” гэв.
ХӨСҮТ нь сүрьеэ, томуу, Ковид-19, БЗДХ, Хепатитын вирус, нян судлалын оношилгооны чиглэлээр үндэсний хэмжээнд лавлагаа лабораторийн үүрэг гүйцэтгэдэг.
ХӨСҮТ нь оношилгооны практикт шинэлэг хепатит Д вирусын ачаалал тоолох шинжилгээний олон улсын чанарын гадаад хяналтад хамрагдаж сайн үнэлгээ авчээ.