Д.Баярболд: Тарваган тахлын улмаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх эрсдэл өндөр байна
Эрүүл мэндийн яамнаас тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ЗӨСҮТ-өөс гаргасан тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн.
Он гарсаар Баян-Өлгий аймгийн Улаанхус , Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай болон Увс аймгийн Сагил, Ховд аймгийн Мөст сумын нутгаас олдворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын үүсгэгч нянг илрүүлсэн.
Иймд тарваган тахлын хүний өвчлөл гарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх өндөр эрсдэл байгааг тогтоосон юм.
Одоогоор тарваган тахлын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд аймаг нийслэлийн засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын өвчин судлалын төвүүдэд хандсан албан даалгавар гаргаж, хүргүүлсэн.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тарваган тахал болон бусад Зоонозын халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой.
Мөн эрүүл мэндийн байгууллага урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг байдлаар тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлан эмчлэх, бэлэн байдлаа хангасан" гэв.