Сүрьеэгийн тархалтыг бууруулах, илрүүлэг, оношилгоонд дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд олон улстай хамтарна
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал болж байна.
Тус хурлыг Эрүүл Мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж, Монгол, Япон, БНСУ, ОХУ зэрэг 7 орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Манай улсын халдварт өвчний 10 хувийг СҮРЬЕЭ эзэлж, жилд 3500 орчим хүнээс сүрьеэгийн халдвар илэрч байна
Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ын цар тахалын улмаас сүрьеэгийн илрүүлэлт буураад байна.
"Олон улсын хурлаар Монгол улс сүрьеэгүй болох арга замыг гаргаж өгнө"
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд: "Ази тив- сүрьеэгүй тив больё" гэсэн уриан доор энэ удаагийн олон улсын хурал болж байна. Жил болгон зохион байгуулагддаг энэхүү хуралд ЭМЯ, ХӨСҮТ манлайлан оролцдог. Энэ утгаараа олон улсын хуралд Азийн нөлөө бүхий орнууд оролцож байгаа.
"Сүрьеэгүй дэлхий" болох 2030 гэсэн том зорилгыг биелүүлэх, Ази тив бид яах ёстой юм бэ тэр тусмаа Монгол улс ямар оролцоотой байх вэ, яаж сүрьеэгийн эрт илрүүлгийг илүү сайжруулах вэ, эмчилгээний арга технологиудыг нэвтрүүлэх арга замуудын талаар эрдэмтэд, судлаачдын туршлага судалгаан дээр тулгуурлан цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргана.
Сүрьеэ туссан хүнийг гадуурхах, ажлын байр сургуулиас гадна гэр бүл хүртэл гадуурхах тохиолдол их гардаг учраас хүний эрхийн асуудлыг орхигдуулахгүйгээр дээрээс нь оновчтой технологиудыг цаг алдалгүй монгол улсдаа нэвтрүүлэх, яаж богино хугацаанд халдвартай үеийг зогсоох гэсэн нарийн асуудлуудыг ярилцаж байна. Үүнээс гарах үр дүн Монгол улс сүрьеэгүй болох арга замыг гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна.
“Сүрьеэг бууруулах, илрүүлэг, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд олон улстай хамтарна“
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Ээлжит олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цар тахлын эрсдэл байгаа учраас танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгуулж байна. Энэ жилийн хурал 5 дахь удаагаа зохион байгуулагдаж Япон, БНСУ, ОХУ зэрэг 7 орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид оролцож байна. Бүс нутагт сүрьеэгийн тусламж үйлчилгээг цар тахлын үед хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцаж байна. Монгол улсын зүгээс бусад орнуудтай өөрсдийн туршлагаас хуваалцаж байна.
Манайд Ковид-19 цар тахлаас өмнө сүрьеэгийн илрүүлэг 30 хувьтай байсан бол цар тахал эхэлснээс хойших хугацаанд сүрьеэгийн илрүүлэг 20 хувиар буураад 10 хувь болсон. Илрүүлэг буурах нь эерэг болон сөрөг гэсэн хоёр үр дагавар байсан. Нэгдүгээрт, ковид-19-ын эсрэг хэрэгжүүлсэн нийгэм, эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүд болох маскаа зүүх, зай барих, 4 удаагийн олон нийтийн хөл хорио, 18 удаагийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээр коронавирус халдвар буурахад эергээр нөлөөлсөн. Харин Ковид-19 цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүний нөөц, дэд бүтэц, ор, илрүүлэгт ашигладаг рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг халдварын голомтод дайчилсан учраас сүрьеэгийн илрүүлэг буурсан.
Өнөөдрийн олон улсын хурлаар Номхон далайн баруун бүс буюу ДЭМБ-ын бүсээс бодлого танилцуулж байна. Мөн Азийн улс орнуудаас туршлага хуваалцаж байна. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сүрьеэгийн тусламж үйлчилгээг хэрхэн алдагдуулах авч явах уу гэсэн арга замыг эрэлхийлж байна." гэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Монгол улс өнгөрсөн жил 4 дэх удаагийн хурлаа амжилттай зохион байгуулсан. Энэ жил 5 дахь удаагаа буюу 2 дахь жилдээ хурлаа олон улсын түвшинд зохион байгуулж байна. Олон улсын хурлаар сүрьеэгийн тусламж үйлчилгээ, салбарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээс гадна сүрьеэгийн илрүүлэг, оношилгооны дэвшилтэт технологиудаас суралцах, мэдээлэл солилцох боломж олдох юм. Мөн олон улсад хийгдэж байгаа орчин үеийн судалгаануудыг эрдэмтэн, судлаачид хоорондоо солилцдог боломж олддог арга хэмжээ гэдгээр онцлогтой.
Хоёр өдөр үргэлжлэх олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд
- “Цар тахлын үед сүрьеэгийн хөтөлбөрт тулгарч буй бэрхшээл”,
- “Сүрьеэгийн илрүүлэг, оношилгооны дэвшилтэт технологи”,
- “Сүрьеэгийн эмчилгээ, эмнэлзүйн менежмент”,
- “Сүрьеэгийн эрсдэлт хүчин зүйлс, хавсарсан өвчний менежмент”,
- “Хүний эрх, ёс зүй, тэгш байдлыг хамгаалах, дэмжих” сэдвээр ТАВАН САЛБАР хуралдааныг зохион байгуулж байна.
Мөн Монгол улсын болон бүс нутгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхэд тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ болон эмчилгээ, оношилгооны шинэлэг арга технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр гарч байгаа ололт амжилт, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргах юм.
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал 2022 оны 9 дүгээр сарын 15,16 өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
|