В.Баярмаа: Судалгаагаар стресстэй холбоотой эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өнөөдөр боллоо. ЭМЯ, СЭМҮТ, АШУҮИС, НЭМГ болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, эрдэмтэн судлаачид, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, хууль хяналт, боловсролын байгууллагынхан цуглаж сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлосноор хэрэгжүүлэх ажлууд, бусад салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах юм байна.
Энэ үеэр СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа "Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол ниймгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болж байгаа. Тиймээс энэ удаагийн үндэсний чуулганд салбарын сайд, удирдлагууд зэрэг бүхий л түвшний эмч, мэргэжилтнүүдийг оролцож байна. Нийт хүн амын 20-25 хувийг нийгэм сэтгэлзүйн гаралтай асуудлууд эзэлж байгаа. Үүнд айдас түгшүүр, гутрал, биеийн хэлбэрийн эмгэгүүд, архаг ядаргаа, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд их байна. 1984-1992 оны судалгаатай харьцуулах юм бол стресстэй холбоотой эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн тоо байна.
Ковидын үеийн судалгаагаар архинд донтох эмгэг 25 дахин их, сэтгэл гутрал 8 дахин, сэтгэл түгшилт 7 дахин ихэссэн тоо мэдээлэл байгаа. Ковид-19 халдварын үед өвчлөл буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч ковидын дараах нөхцөл байдлаар амбулатори ачаалал ихссэн. Дээрээс нь архины хэрэглээтэй холбоотой, стресстэй холбоотой эмгэгүүд, хэвтэлтүүд нэмэгдсэн.
Цаашид Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, энэ салбар санхүүжилттэй болсноор нийгэм рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү үр дүнтэй явагдаж чадах байх гэж харж байна.
Сэтгэцийн эрүүл мэнд гэх тодорхойлолтод гурван том ойлголт ордог. Эрүүл сэтгэц, эмгэг, эрүүл эмгэгийн завсрын байдалтай гэж авч үзнэ. Сэтгэцийн эмгэг нь нийт хүн амын 1-3 хувь, эрүүл эмгэгийн завсрын байдалтай 20-25 хувь, үлдсэн 60-70 хувь нь эрүүл байдаг. Өнөөдрийн чуулганаар бид эрүүл эмгэгийн завсарт байгаа сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн амын 20-25 хувийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц байгаа талаар эрүүл мэндийн салбараас гадна боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зүй зэрэг бусад салбарынхантайгаа хамтран хэлэлцэж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн эхний шинж тэмдэг болох нойргүйдэх, унтаж чадахгүй болох шинж илэрвэл сэтгэлзүйчид хандаж болно. Сэтгэлзүйчид хандсанаар хэд хэдэн удаагийн ярилцлагын дараа илааршиж болно. Хэрэв үр дүнгүй байвал сэтгэл засалчя эмчид хандаж өвчтэй байгаа эсэхээ магадлуулж болно. Өвчтэй байвал заввал эмийн эмчилгээ шаардлагатай" гэв.