ЭМЯ: Сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. ДЭМБ-ын 2013-2030 оны Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөө, Сэтгэцийн эрүүл мэндийн ирээдүйн үйл ажиллагааны бүс нутгийн баримт бичгийн төсөлтэй уялдуулан сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын арга хэмжээг үндэсний түвшинд бэхжүүлэхэд ДЭМБ-аас техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй юм. Энэхүү уулзалтад ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчний хяналтын газрын Сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын асуудал хариуцсан техникийн ахлагч Мартин Вандендик, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Сэтгэцийн эрүүл мэнд донтолтын асуудлаарх зөвлөх Др.Сэки Эйчи болон СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай Сэтгэцийн эрүүл мэнд төслийн шугамаар 1996 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй, нягт хамтын ажиллагаатай ажилласаар ирсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эмч, мэргэжилтэнг сургах, чадавхжуулах ажлыг тасралтгүй хийсээр байна. Одоо бид дэлхийн 160 гаруй оронд хэрэгжүүлээд, үр дүнтэй нь нотлогдсон mhGAP хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж эхлээд байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд эхний шатны удирдамжийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, ажлын хэсэг байгуулсан, туршилтын ажлыг хоёр хэсэгт одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн талаар сургалтаар эхлүүлсэн, мөн үндэсний сургагч багшийн болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагыг хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, тэнэгрэл, сэтгэл гутрал, зайлшгүй шаардлагатай эмчилгээ, эпилепси, сэтгэцийн тулгамдсан асуудал, солиорол амиа хорлолт, болон мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн эмгэг зэрэг үйл ажиллагааны удирдамжийг болон интервенцийн гарын авлагыг Монгол хэлээр хэвлэсэн, 10 модуль видео материалыг Монгол хэл дээр орчуулан бэлэн болгосон. Баянзүрх дүүрэгт 90 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг, Хэнтий аймгийн 30 эмч, мэргэжилтнийг цахим болон танхимын сургалтад хамруулсан байна. Уулзалтад зөвлөх Мартин хэлэхдээ: Монгол Улс сэтгэцийн эрүүл мэндийн талаар бодлогын түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг сайшаахын сацуу хэрэгжиж эхлээд буй mhGAP хөтөлбөр системтэй эхэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Цаашид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд сэтгэц, мэдрэл, донтох эмгэгийн (СМД) нөхцөл байдалтай иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг нийслэлийн бүх дүүрэгт болон бүх аймагт нэвтрүүлэх шилжих зорилготой ажиллаж байна.