ХӨСҮТ: Улсын хэмжээнд 84 талбарын тархвар судлаач мэргэжилтэн БЭЛТГЭГДЖЭЭ
Өнөөдөр Талбарын тархвар судлалын Дэлхийн өдөр тохиож байна.
"Тархвар судлал нь товчхондоо хүн амын эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн тархац (distribution), өвчин эмгэгийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс (determinants)-ийг судалж, үр дүнг тухайн өвчин эмгэгийг бууруулах, хяналтад авахад хэрэглэдэг шинжлэх ухаан.
Ийнхүү тархвар судлалыг халдварт өвчний дэгдэлт, цар тахал г.м нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд хэрэглэж, шийдвэр гаргах, шуурхай хариу арга хэмжээ авахад хэрэглэхийг талбарын тархвар судлал гэж ойлгож болно. Хэрэглээний тархвар судлал (applied epidemiology) ч гэж нэрлэх нь бий" хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа тайлбарлажээ.
Монгол Улсын хувьд Талбарын тархвар судлалын хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж, 84 талбарын тархвар судлаач мэргэжилтэн бэлтгэгдсэн байна.
Талбарын Тархвар Судлал Сургалт (ТТСС) анх 1951 онд АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн дэргэд Тахалт өвчлөлийг мөрдөн шинжлэх алба (Epidemics Intelligence Service) нэртэй байгуулагдаж байжээ.
2022 оны байдлаар дэлхийн 165 улсад 91 ТТСС хөтөлбөр хэрэгждэг бөгөөд энэхүү сургалт нь нийгмийн эрүүл мэндийн асуудалд тархвар судлалын онолыг хэрэглэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг хөхүүлэн дэмжих үндсэн зарчимд суурилдаг байна.
ТТСС-ын үндсэн зорилго нь тухайн улсад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улс орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлан нотолгоо гаргах мэргэжилтнүүдийн цөм багийг бэлтгэснээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чадавх, дэд бүтцийг бэхжүүлэн улс орны хүн амын эрүүл мэндийг сайжруулах явдал байдаг.
Монголын Улсын хувьд талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр (ТТСС) нь нэг жилийн хугацаатай, дунд шатны сургалт бөгөөд хэрэглээний тархвар судлалын чиглэлээр чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөр нь анх 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдаж Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцооны салшгүй хэсэг болон бэхжиж, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага доор албан ёсоор бүтэцлэгдсэн ба эрүүл мэндэд учрах аюулуудад хариу арга хэмжээ авах, хянах гол чадавх болсон юм. Өнөөдрийн байдлаар нийт 84 мэргэжилтэн суралцан, төгсөж 82.4% нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.
Түүнчлэн ТТСС нь 2014 оноос эхлэн "Нэг эрүүл мэнд" зарчмыг хэрэгжүүлэн, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих үүднээс мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг сургаж эхэлжээ. Үүний үр дүнд одоогийн байдлаар 5 мэргэжилтэн суралцаж төгссөн ба НҮБ-ын ХХАБ, ЖАЙКА зэрэг байгууллагуудын дэмжлэгээр мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд тархвар судлалын богино хугацааны сургалтыг зохион байгуулах, малын өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн шийдвэр гаргалтад судалгаа, тоон мэдээллээр хангах зэрэг ажлуудад оролцон бодитой үр дүнг үзүүлжээ.
ТТСС-ын зарим тоон мэдээллийг дурдвал нийт төгсөгчдийн 22% нь бодлого боловсруулах, удирдах албан тушаалд, 76% нь мэргэжилтэн, судлаач, дунд шатны албан тушаалд ажилладаг бол суралцах хугацаандаа 26.8%, төгссөнөөсөө хойш 25.6% нь эрдмийн зэрэг цол хамгаалж 42% нь албан тушаал дэвшжээ.