ГОВЬСҮМБЭР: Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.
Тэгвэл Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон нэг жилийн хугацаанд амжилттай ажиллаж эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар нэмж, 10 ажилтандаа орон сууцны урьдчилгааны дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.
2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг, туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна. ” гэв.