Өргөө амаржих газраас алслагдсан хороодын 163 нярай, 87 эхийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
“Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй алслагдсан дүүрэг, хороодын нярайд хүрч тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор “ХҮҮХЭД БҮРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” аяны хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүүхдийн тархины саа болон бусад эмгэгүүд, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12-р хорооны 163 нярай, 87 эхэд тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тус баг нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд
- Нярайн эмчийн үзлэг, зөвлөгөө,
- Хүүхдийн зүрхний эмчийн үзлэг, зөвлөгөө, нярайн зүрхний хэт авиан оношилгоо
- Нярайн зулайн хэт авиан оношилгоо
- Хүүхдийн дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
- Нярайн асаргаа, сувилгаа,
- Эх барих-эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо,
- Төрсний дараах үеийн сэтгэлзүйн онцлог, дасан зохицол бүлгийн ярилцлага
- Төрсний дараах үеийн сэтгэл” засал- ганцаарчилсан уулзалт,
- Төрсний дараах эхчүүдийн асаргаа, сувилгаа зэрэг үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.
Нийт 163 нярайд хүүхдийн зүрхний эмч үзлэг хийж 81 нярайд хэт авиан оношилгоо хийгдсэнээс тосгуур хоорондын таславчийн цоорхой 1, артерийн битүүрээгүй цорго 7 оношилж, хяналтанд авсан. Нярайн зулайн хэт авиан оношилгоонд 82 хүүхэд хамрагдсан ба тархины ховдлын цус харвалттай 1 нярайг илрүүлж, яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн тархины уйланхай өөрчлөлттэй 7, ишемийн шалтгаант энцефалофатитай 3 хүүхдийг оношилж эмчийн хяналтанд авсан байна. Эдгээр өөрчөлөлтийг эрт илрүүлж, хяналтанд авснаар тархины усжилт, тархины саа үүсэхээс сэргийлж чадлаа.
Хүүхдийн дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд 33 хүүхэд хамрагдсанаас хооллолтын бэрхшээлтэй 5, жингийн илүүдэлтэй 6 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ бичиж зөвлөгөө өгсөн байна.
Мөн 87 эхэд эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, 12 эхэд сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө, 4 гэр бүл, 4 хүнтэй нэг бүлэгт бүлгийн ярилцлага хийж сэтгэлзүйн зөвлөгөөг өгсөн байна.
Түүнчлэн сувилахуйн чиглэлээр асаргаа сувилгааг 67 нярайд үзүүлж, дутуу нярайн асаргаа сувилгаа,төрсний дараах үеийн хөх арчилгаа, нярайн ам, нүд, хүйн цэвэрлэгээ зөвлөгөөг өгч ажилжээ.