БАЯРТ МЭДЭЭ: Хоёрдугаар эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 10 хувиар НЭМЛЭЭ
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.
Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны 8-р сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ.
Хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж одоо байгаагаасаа 15-40 гаруй хувиар нэмэгдэж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна нэмэгдэл (зэргийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, урамшуулал, хандлагын нэмэгдэл гэх мэт), нэмэгдэл хөлс (илүү цаг)-ийг авдаг.
Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа эмнэлгийн ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгууллагынхаа хажууд нээн ажлуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэ жилийн хувьд цэцэрлэгийнхээ элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлж байв.