САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ 33 сувилагчдаа орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөр гардууллаа
Монгол Улсын Засгийн газар Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна.
Өнгөрсөн сард буюу 7-р сарын 26-ны өдөр ЭХЭМҮТ-ийн нийт ажилчдын хурлын үеэр Ерөнхий захирал Ш.АЛТАНТУЯА нийт эмч, ажилчдын улирал тутамд авдаг ур чадварын урамшууллын 60 хувийг, үндсэн цалингийх нь 50-70 хувьтай тэнцэх 1 удаагийн мөнгөн урамшуулалтай хамтатган олгох тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр ЭХЭМҮТ 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хувийн урьдчилгаа төлбөр гардууллаа.
Энэхүү арга хэмжээг нээж ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа үг хэлэв.
Тэрбээр “Бид жил бүрийн наймдугаар сард эмч, эмнэлгийн ажилчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийг эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан онцлогтой.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ЭХЭМҮТ-ийн бүх эмч, эмнэлгийн ажилчин хүчин чармайлттай маш сайн ажилласан. Үүний үр дүнд манай эмнэлэг санхүүжилтээ амжилттай авч чадсан. Тиймээс эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг нэмж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо" хэмээн хэлсэн юм.