ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА
Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн.
Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм.
Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.
Үүний нэг гол үр дүн нь 2022 онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ.
Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.
Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа.