ЭМЯ: Өнөөдөр “ГЕПАТИТ ВИРУСТЭЙ” тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар вируст гепатитаас сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлэг, Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2030 он, Вируст гепатитын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Манай улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай амьдарч байгааг тооцоолсон.Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны 1,180,220 иргэнээс 7.8 хувь нь гепатитын В вирусийн халдвартай, 9.3 хувь нь гепатитын С вирусийн халдвартай илэрсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 2015 онд практикт шинээр нэвтэрсэн С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусийн архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 29,729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг, 22,466 иргэнийг гепатитын В вирусийн эсрэг эмчилгээд хамрууллаа.
Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, биеийн байдлаа тогтмол хянуулах, В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх чиглэлээр иргэдэд үнэн бодит, зөв мэдээллийг хүргэж, тэдний санаачилга, идэвхийг өрнүүлэх замаар амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхэд хамтран ажиллах нь нэн чухал байна. Түүнчлэн гепатитын вирусийн халдварын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан, иргэн бүрт өндөр чанартай, хүртээмжтэй хүргэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээнд шинэ дэвшилтэт арга, технологи, инновацийг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах чиглэлээр эрүүл мэндийн салбар нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, бусад салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.